Угтаалцайдам суманд ургац хураалт 30-35 хувьтай байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-05 12:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймаг төмс, хүнсний ногоо, үр тариагаараа аймгийнхаа төдийгүй Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээг бүхэлд нь хангах хөрсний шим тэжээл арвин бүс нутаг юм.


Тус аймаг энэ онд үр тариа 77.5 мянган га, улаанбуудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалсан байна.


Баруун хойд бүс нь голдуу тариалангийн бүс нутаг тул МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийнхан энэ удаад Угтаалцайдам сумыг зорьж “Элсэн цагаан” ХХК-ийн захирал Ш.Рэнцэндоржоос ургац хураалтын явцын талаар тодрууллаа.




-Энэ жилийн ургац хураалт ямар явцтай байна?

-Энэ жилийн ургац хураалт ид  явагдаж байна. Манай Угтаалцайдам энэ жил урьд жилүүдэд байгаагүй их улаан буудай тариалсан. Ургац сумын хэмжээгээр их сайн байгаа. Манай компанийн хувьд ч мөн адил ургац өндөр байгаа бөгөөд 20-25 центр хэмжээний ургац гарч байна. Улаан буудайн ургац хураалт ид явагдаж байна. Энэ жил намар, зун их онцлог байлаа. Зун ойр ойрхон хур орж их сайхан байсан ч намар мөн адил ойр ойрхон бороо орж байгаа нь багахан хэмжээний бэрхшээл учруулж байна. Бэрхшээл байлаа гээд бид зүгээр суугаад байхгүй завсар зайгаар нь тариагаа хурааж цаг наргүй л ажиллаж байна. Цаг агаарын улмаас ер нь улсын хэмжээгээр л тариа хураалт оройтож байх шиг байна. Сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд ургац хураалт их бага хувьтай сонсогдож байсан.


-Танай компанийн хувьд нийт хэдэн га-д тариа тарьсан бэ?

-Манай компани эргэлтийн 3300 га-тай. Энэ талбайнхаа 60-70 хувьд нь тариалалт хийдэг. Энэ жил 2000 гаруй га газар улаан буудай тариалсан. Бусад хэсгээр өөр төрлийн тариалалт хийсэн.




-Энэ жил нийт тариалсан ургацаа бүрэн авч чадахаар байна уу?

-Энэ жил ургац алдах магадлал харьцангуй бага гэж би хувьдаа харж байна. Манай сумын хэмжээгээр ургац алдсан, ургац муу зэрэг тохиолдол гарахгүй байна.


-Ургац хураалт хэднээс эхэлсэн бэ?

-9-р сарын дунд үеэс л эхэллээ. Одоо нийт ургацынхаа 30-35 хувийг хураагаад байна.


-Ургац хураалт хэдийгээр дуусна гэж төлөвлөж байгаа вэ?

-Манай сумын хувьд 10-р сардаа багтаан хурааж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Цаг агаар гайгүй байвал хугацаандаа хурааж дуусах байх аа. Угаасаа ургац хураах, тариа тарих нь технологийн хугацаатай, тэр хугацаагаа л аль болох барьж ажиллаж байна. Ер нь тариаланчид намар цагт өөрийн ажлын үр шимээ үзэх гэж нойр хоолоо хасаж ажилладаг улсууд шүү дээ.




-Танай компанийн хувьд хүн хүч, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцээ хэр байна вэ?

-Газар тариалангийн үйлдвэрлэл явуулахад маш олон төрлийн зүйл хэрэг болно. Газар тариалангийн техник тоног төхөөрөмж бол бүтээмж өндөртэй ч ашиглах хугацаа багатай, үнэ өртөг ихтэй байдаг. Тариаланчид бол янз бүрийн үнэ өртөгтэй газар газрын тоног төхөөрөмж ашиглаж байна. Манай компанийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн өндөр хүчин чадлын комбайн болон бусад үрлэгч машин зэрэг техникийг ашиглаж байна.

Мөн манай энэ механикжсан пункт бол социализмын үед газар тариалан эрхэлж байсан хүмүүс зохиож байсан боловч зах зээлийн шуурганы үед төмрийн хог болгон ачигдаад үрэн таран болоод дууссан. Харин манай компани үүнийг өөрсдийн хөрөнгөөр 2017 онд ашиглалтад оруулсан. Энэ төхөөрөмж нь хүний хөдөлмөр маш их хөнгөвчилсөн төхөөрөмж бөгөөд өдөрт 100 гаруй тонн будаа цэвэрлэнэ, 1-2 хүн л ажиллана. Сүүлийн үед газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллах хүчин маш хомс болчихсон шүү дээ. Ийм үед хүн хүч хэмнэсэн ийм тоног төхөөрөмжийг бид ашиглалтад оруулсан.

Сүүлийн үед үнэгүй юм хулганын хавханд байдаг гэдэг шиг халамж их байгаагаас болоод тариалангийн ажил хийх хүн ховор байна.


-Төв аймгийн хувьд улсын нийт ургацын хэдэн хувийг дангаараа хангадаг вэ?

-Манай төв аймаг атар газар эзэмшсэн 60 гаруй жилийн түүхэнд өндөр өндөр ургац авч байна. Үр тарианы ургацын 20-25 хувийг авч байгаа. Гол аж ахуй тариалан эрхлэлт Угтаал, Жаргалант, Цээл сумдад байдаг. Социализмын үед манай Угтаал сум 5 удаагийн улсын аварга сангийн аж ахуй болж байсан. Тэр үеэс хойш одоогоор 4 улсын аварга аж ахуй нэгж байна.


-Ямар сортын үр тариаг голцуу тариалсан бэ?

-Үр тарианы үйлдвэрлэлд бол үр сортын асуудал бол маш чухал. Бид бол ХААХҮЯ-наас авсан сүүлийн үеийн элит соортыг тарьж байгаа. Ер нь үр гэдэг өөрөө тухайн нутагтаа зохицсон байх ёстой. Угтаал сум бол газар тариалангийн олон жилийн туршлагатай. Энэ туршлагадаа тулгуурлан Алтайн эсгий 7075 сортын үр тарьж ургуулдаг.


-Үр тариа хаанаас авдаг вэ?

-Үрийг өөрсдөө бэлддэг. Үрээ идэхээр үнээгээ ид гэж үг бий. Ер нь тариалан эрхэлдэг хүмүүс өөрсдөө үрээ сайн нөөцөлдөг.


-Хураасан үр тариагаа хаана нийлүүлдэг вэ?

-“Алтан тариа” ХХК жил бүр нийлүүлдэг. Мөн ХААХҮЯ-нд зохих хэмжээний үр тариа тушаадаг.




Энэ үеэр Угтаалцайдам сумын Засаг дарга Б.Нямлхагва хэлэхдээ, “Энэ жилийн ургацын хувьд бол Төв аймгууд болон Угтаал цайдам сумын хувьд ургацын гарц нэлээн сайн байна. Зуншлага сайхан байсан болохоор гарц нэмэгдсэн. Үе үе бороо ороод бага зэрэг хүндрэл учруулж ургац хураалтад нөлөөлж, ургац хураалт бага зэрэг оройтож байна. Угтаал цайдам сумын хувьд дөнгөж 30 хувьтай ургац хураан аваад байна.

Мөн Угтаал цайдам сум сүүлийн 20-30 жил тариа тариагүй 20 мянган га газарт тариалалт хийснээрээ онцлогтой жил болж байна.

Хүнсний ногооны ургац хураалт 70-80 хувьтай маш сайн байгаа. Манай сумаас энэ жил 2 аж ахуй нэгж зөвхөн хүнсний ногоон дээр цэргүүд авч ажиллуулсан. Мөн хүнсний талоноор хүнс авдаг 50 өрх байгаа бөгөөд тус айлуудад судалгаа хийн ажил хийх боломжтой 45 өрхийг дайчлан ажиллуулж байгаа” гэж онцоллоо. 

Холбоотой мэдээ