Германд шинээр бүртгэгдсэн цахилгаан автомашины эзлэх хувь өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-06 11:26:20

БЕРЛИН. /KBA/. Герман улсад шинээр бүртгүүлсэн цахилгаан автомашинуудын эзлэх хувь өнгөрсөн сард 29 хувь болж өссөн тухай тус улсын Авто тээврийн газар /KBA/ мягмар гарагт мэдээлжээ.


Шинээр бүртгүүлсэн цахилгаан хөдөлгүүрт автомашины тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59 хувь буюу хамгийн өндөр өсөлттэй байгаа бөгөөд 33655 автомашин бүртгэгдсэн гэж тус газрын мэдээлэлд дурджээ.


Мөн шинээр бүртгүүлсэн хос хөдөлгүүрт автомашины тоо 22842 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.5 хувиар өсжээ.


Германы Засгийн газар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд цахилгаан автомашин худалдаж авахыг дэмжихээ илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газар 2030 он гэхэд 7-10 сая цахилгаан автомашин бүртгүүлэх албан ёсны зорилтыг тавиад байгаа ажээ. Мөн зам тээврийн салбараас ялгарч буй хийг 1990 оны түвшнээс 40 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна.


Авто тээврийн газрын мэдээлснээр, өнгөрсөн сард Германд нийт 197000 орчим суудлын автомашин бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 орчим хувиар бага үзүүлэлт ажээ. Энэ нь 1991 оноос хойш есдүгээр сард бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт болсон байна. 


"Одоогийн байдлаар суудлын автомашины зах зээл зогсонги байдалд орох эсвэл бүр буурах хандлагатай байна" гэж Олон улсын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Рейнхард Цирпель онцолжээ.

 

Холбоотой мэдээ