Гар утас хэрэглэгчдийн суурьшлын ялгаа багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-06 15:37:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт зургаа, түүнээс дээш насны хүн амын 85.3 хувь нь гар утас хэрэглэдэг болжээ.

Энэ тоог 2010 оны тооллоготой харьцуулахад 25.5 пунктээр өссөн байна. Сумдын зургаа, түүнээс дээш настай хүн амд гар утас хэрэглэгчдийн эзлэх хувь Цагаанчулуут, Баянтэс, Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан, Отгон, Яруу, Цэцэн-Уул, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал суманд аймгийн дунджаас өндөр байна. Харин Асгат, Их-Уул, Эрдэнэхайрхан сумын хүн амын гар утасны хэрэглээ доогуур байсан.


Тооллогод хамрагдсан эмэгтэйчүүдийн 86.5 хувь нь, эрэгтэйчүүдийн 84.0 хувь нь гар утас хэрэглэж байна. Гар утас хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс 2.5 пунктээр илүү байна. Насны бүлгийн хувьд 70-аас дээш насны бүлэгт эрэгтэйчүүдийн дүнд эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс 13.7 пунктээр их байна. Гар утас хэрэглэгчдийг байршлаар нь ангилж үзэхэд төв, суурин газрын хүн амын 88.9 хувь нь, хөдөөгийн хүн амын 84.2 хувь нь гар утас хэрэглэгч байна.

Хүн амын гар утасны хэрэглээ 2010 оны тооллогоор төв, суурин газарт хөдөөгөөс 22.3 пунктээр илүү байсан бол 2020 онд уг зөрүү багасч 4.7 пункт болжээ. Энэ нь техник технологийн хөгжлийн хурдацтай өсөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, орчин үеийн харилцаа холбооны техник, технологи харьцангуй богино хугацаанд өргөн нэвтэрч суурьшил хоорондын ялгаа нь багасч байна. Дээрх тоон мэдээлэл нь хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн юм. Өнгөрсөн жилийн тооллогыг бүртгэл болон уламжлалт хосолмол аргаар явуулсан бөгөөд энгийн санамсаргүй түүвэрт сонгогдсон өрхийн зургаа, түүнээс дээш насны хүн амаас гар утас, интернэт хэрэглээний талаарх мэдээллийг авчээ. 

Холбоотой мэдээ