Б.Шинэбаатар: Баривчилсан 4 иргэнээс мэдүүлэг аваад гэрт нь буцаасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн Д.Монголхүүг суллахыг шаардан Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-ны гадна суулт зарласан хэд хэдэн хүнийг албадан саатуулсан гэх мэдээллийн талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар тайлбар өглөө.
- Өнөөдөр ХЗДХЯ-ны гадна байсан хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн авч явсан гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?
- ХЗДХЯ-ны Төрийн тусгай
хамгаалалтын газрын ажилтнаас өнөөдөр 8 цаг 38 минутад цагдаагийн байгууллагын
тусгай дугаарын утсанд “Гадна суулт хийж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж
байх явцад эрх чөлөөнд минь халдлаа" гэх гомдол мэдээлэл ирүүлсний дагуу тус цагдаагийн газрын
нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар нэр холбогдсон 4 иргэнийг авчирсан.
Алба хаагчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд тусгайлсан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд
мэдүүлэг байцаалт авах хуулийн заалттай учраас нэр бүхий О, Ц, Г, Х нарын 4 иргэнийг авчирсан. Энэ хүмүүсээс холбогдох
тайлбар мэдүүлгийг авсан. Мэдүүлэг өгөх явцдаа дээрх 4 иргэн өөрийгөө өмгөөлөх,
өмгөөлүүлэх эрхээр хангагдах хүсэлт тавиад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт
тавьсны дагуу энэ эрхийг хангаж дээрх иргэдийг явуулсан байгаа. Өнөөдрийн
байдлаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн иргэнийг хууль бусаар баривчлан
саатуулсан зүйл байхгүй.
- Дээрх иргэдийг ямар үндэслэлээр саатуулсан бэ?
- ХЗДХЯ нь төрийн тусгай
хамгаалалтын обьектод хамаардаг. Тухайн обьектыг төрийн тусгай алба хаагч
аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед үүрэг
гүйцэтгэж байсан алба хаагч дээрх иргэдэд шаардлага тавихад эсэргүүцэж биед нь
халдсан гэх үндэслэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
- Саатуулах явцад биед нь гэмтэл учирсан учраас эрүүл мэндийн үйлчилгээ
авах хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийг нь хангаагүй юм биш үү?
- Биед халдсан гэх гомдол
гаргасан иргэн А болон хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр цагдаагийн
байгууллагад хүргэгдсэн иргэн О, Ц, Г, Х нараас
цагдаагийн алба хаагчид бие эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн талаар
гомдол гаргасны дагуу шинжээч томилон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд
хүргүүлсэн.
- Нэр бүхий 4 иргэнийг цагдаагийн байгууллага цагдан хорьж, баривчилсан
асуудал байгаа юу. Одоо тэр 4 иргэн хаана байгаа вэ?
- Дээрх 4 иргэнийг цагдаагийн
хэлтэст 09.00 цагийн орчимд авчирч холбогдох ажиллагааг хийж, 11.00 цагийн
орчимд явуулсан.
Харин 13.00 цагийн орчимд мөн
жагсаал цуглааны үед оролцож байсан иргэн согтуугаар танхайрлаа гэсэн мэдээлэл
ирсэн, түүний дагуу цагдаагийн алба хаагчид 1 иргэнийг авч ирсэн. Ингээд
согтуурлын зэргийг шалгахад 0.91 хувийн согтолттой байсан учраас тухайн иргэнийг
бид нар эрүүлжүүлэх байранд саатуулсан. Тухайн иргэнийг заавал
хонуулахгүйгээр хэрэв архи нь гарах юм бол авч ирээд зөрчлийг шийдэх
боломжтой. Өөрөөр хэлбэл, бид иргэдийг саатуулсан, эрхэнд нь халдсан асуудал
байхгүй.
Иргэддээ хандаж хэлэхэд хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу аливаа
жагсаал цуглаан, суулт, үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага
хүндэтгэлтэй хандаж ирсэн, цаашид ч хүндэтгэлтэй хандах болно.