Фэйсбүүкийн сүлжээний сааталд хэн буруутай вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-10-07 09:59:42

Даваа гарагийн орой Фэйсбүүк компанийн нийгмийн үндсэн сүлжээ хэдэн цагийн турш гацсан билээ. Фэйсбүүкт харьяалагддаг Инстаграм нийгмийн сүлжээ, WhatsApp мессенжер ч мөн адил үндсэн сүлжээтэй хамт үйл ажиллагаагаа зогсоов.  Саатал гарсан явдалд тус компанийн удирдлага хэрэглэгчдээсээ уучлал хүслээ. 


Асуудал чухам юунд байсан бэ?


Товчхондоо тус компанийн системүүд бусад интернэт сүлжээтэй “харилцаж” чадахгүйд хүрчээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд бүх дата төвийн кабелиудыг нь нэгэн зэрэг тасдаж хаяад, интернэтийн системүүдийг салгасантай адилтгаж болохоор тохиолдол гарсан хэмээн сүлжээний дэд бүтцээр дагнадаг Cloudflare компанийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.    


Харин Фэйсбүүкийн хийсэн тайлбар нь илүү техникийн шинжтэй байлаа: “Дата төвүүдийн хоорондын трафикийн солилцоог зохицуулдаг үндсэн рүүтэрүүд дээрх тохируулгад өөрчлөлт гарсан нь солилцоо зогсох шалтгаан болсон ба үүнээс үүдэлтэй каскадын нөлөөгөөр серверүүдийн ажиллагаа зогссон”.


Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?


Интернэт сүлжээ нь хэдэн зуун мянган дэд сүлжээнээс тогтдог. Фэйсбүүк зэрэг том компаниуд өөрийн гэсэн илүү том сүлжээнүүдтэй бөгөөд эдгээрийг автономи буюу бие даасан системүүд гэж нэрлэдэг. Та Фэйсбүүкт /эсвэл Инстаграм, WhatsApp/ нэвтрэх үед таны компьютер Border Gateway Protocol /BGP/буюу Дотоод гарцын протоколын тусламжтайгаар тухайн компанийн сүлжээтэй холбогдоно. BGP гэдэг бол нэг ёсондоо интернэтийн шуудангийн алба юм.


Нэвтрэхийг хүсэж буй хуудсанд нь хэрэглэгчийг замчилж хүргэхийн тулд тухайн протокол нь мэдээллийн бүхий боломжит чиглэлүүдийг тодорхойлсны дараа хамгийн оновчтойг нь сонгодог. Даваа гарагт Фэйсбүүк компанийн серверүүд протоколыг ажиллуулахад шаардлагатай мэдээллийг өгөхөө зогсоосноор хэрэглэгчид Facebook /Инстаграм, WhatsApp/-ийн системүүдтэй холбогдох боломжгүй болжээ.


Яагаад саатал гарав?


Лондонгийн цагаар 16:45 цагийн үед /УБ-ын цагаар 23:45/ Фэйсбүүкийн нийгмийн сүлжээнүүд ажилллахгүй байна гэсэн мэдээлэл тарж эхэлсэн байна. Эхэндээ уг мэдээлэлд интернэт сүлжээнд байгаа хүмүүс тоглоом шоглоомоор хандаж байсан бол “Твиттер”-ийнхэн өрсөлдөгчөө егөөдөж эхлэв.


Гэтэл удалгүй нөхцөл байдал тун ноцтой болсон нь тодорхой болж, Фэйсбүүкийн төв байранд эмх замбараагүй байдал үүссэн тухай мэдээлэл Калифорниос ирэх боллоо. Нью-Йорк таймс сонины сурвалжлагч Шира Френкель-ийн ярьснаар, асуудлын учрыг олж, шийдвэрлэхийн тулд нэлээд хугацаа зарцуулсан бөгөөд чухам юу болсныг мэдэхээр оролдсон хүмүүс оффисын барилга руу нэвтэрч чадаагүй байна.  


Үүний улмаас бусад нийгмийн сүлжээний ачаалал нэмэгдэж, юу болоод байгаа тухай хоорондоо хэлэлцэж, гэнэт саатсан сүлжээний оронд өөр сүлжээг хайж эхэллээ. Фэйсбүүкийн харилцаа холбоо чухам ямар шалтгаанаар нурж унасныг бид одоог хүртэл мэдэж чадаагүй л байна. Гацаа гарсан уу, эсвэл хэн нэгний алдаа байв уу. Эл явдлыг аль хэдийнэ хуйвалдааны онолоор тайлбарлаад эхэлжээ. Жишээ нь, компанид ажилладаг хэн нэгэн этгээд хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн байж болзошгүй гэх мэт.


Facebook-ийн мэдэгдэл


Нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Твиттэр”-ээр дамжуулан уучлал гуйхаас аргагүйд хүрчээ.


Шинжээч Марк Прул-ын үзэж байгаагаар, нийгмийн сүлжээний операторуудын ихэнхийг нь нэг системд оруулж нэгтгэсэн нь зөв үү гэсэн асуудлыг дахин хөндөхөд хүрч байна. Нэгтгэсэн явдал нь нийгмийн сүлжээний үр дүнг дээшлүүлсэн байж болох юм, гэхдээ сүлжээний нэг хэсэгт нь ямар нэгэн саатал гарахад каскадын нөлөө илэрч, нэг нь шатаад унтрахаар бусад нь бүгд унтардаг шинэ жилийн гэрлүүдтэй адилхан зүйл болж байна.


Энэ удаагийн саатал, ер нь сүүлийн жилүүдэд гарч буй иймэрхүү доголдлууд нь дэлхийн харилцаа холбооны сүлжээний ихэнх нь хэдхэн тооны глобал компаниудын гарт төвлөрч байгаа нь бэрхшээл үүсгэж магадгүй гэдгийг харууллаа хэмээн зарим шинжээч дүгнэжээ.  


Нийгмийн сүлжээнд нэвтэрч чадахгүй болсон нь олон хүний хувьд ая тух алдагдуулсан төдий зүйл байсан бол хөгжиж буй улс орнуудын жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бараг л сүйрэл байв. Зарим хэрэглэгчийн хувьд найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ холбоо бүрэн тасарчээ.


Хэр их алдагдал хүлээсэн бэ?


Фэйсбүүк компанийн хувьд түүний хувьцааны ханш, ашиг буурсан нь хамгийн ноцтой үр дагавар байв. Платформууд дээр 6 цаг гаруйн туршид зар сурталчилгаа байршсангүй. Өмнө нь сүлжээнд саатал гарч байсан тохиолдлууд бий, гэхдээ ердөө ганцхан цагийн дараа саатлыг арилгаж байсан билээ.


Зарим шинжээчдийн тооцоолсноор, Фэйсбүүк компани 6 тэрбум гаруй долларын алдагдал хүлээж, хувьцааных нь ханш 5 хувиар унасан байна. Өөр бусад асуудал ч үүсээд байгаа. Тухайлбал, тус компаниас их хэмжээний баримт бичиг алдагдсан гэх хэрэгт холбоотой, албаны шугамаар нууц мэдээллийг олж авсан нэгэн хүн АНУ-ын Сенатад мэдүүлэг өгөх гэж байна.  


Зохицуулалттай холбоотой асуудал ч бас бий. Зарим мэдээллээс үзвэл, компанийн хувьд ашиг олох нь ажилтнуудаас нь илүү чухал зүйл ажээ. Түүнээс гадна, дэлхийн зарим улсын зохицуулагч байгууллагууд Фэйсбүүк компанид аль хэдийнэ анхаарлаа хандуулаад байгаа билээ. Тус компани хэтэрхий томорсны улмаас хуурамч мэдээлэл, үзэн ядалтыг дэвэргэх, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олж авах гэх мэт бусармаг үйлдлүүдийн эсрэг дорвитой тэмцэж чадахгүй байна хэмээн дээрх байгууллагууд үзэж байгаа юм.


Зөвхөн нийгмийн сүлжээний томоохон компаниудын буруугаас төдийгүй Cloudflare, Fastly гэх мэт сүлжээний дэд бүтцийн компаниудын гаргасан алдаанаас үүдэн саатал гарсаар байгаа нь үнэн. Дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэг дэх үндсэн дэд бүтцэд асуудал гарахад дэлхий даяарх хэрэглэгчдэд нөлөөлнө гэдгийг энэ удаагийн саатал харууллаа. Тэгэхээр хэдхэн жижиг компани интернэтийн сүлжээг хянах нь хэр оновчтой вэ гэсэн асуулт дахиад л урган гарна.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС      

 

 

Холбоотой мэдээ