Мухаммад Алигийн зурсан зургууд нэг сая орчим ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-07 12:58:47

НЬЮ-ЙОРК. /BBC/. Домогт боксчин Мухаммад Алигийн зурсан зургууд бүхий ховор цуглуулгыг дуудлага худалдаагаар нэг сая орчим ам.доллар буюу 733760 фунт стерлингээр худалджээ.


Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хот дахь “Bonhams” дуудлага худалдааны төвд түүний 26 орчим зураг болон зурж эхлээд үргэлжлүүлэлгүй орхисон ноорог зургуудыг дуудлага худалдаагаар зарсан байна.



Домогт боксчны зурсан зургуудаас хамгийн их хүлээлттэй байсан бүтээлүүдийн нэг нь “Sting Like a Bee” байсан бөгөөд уг бүтээл нь 425000 ам.доллар буюу 311853 фунт стерлингээр зарагджээ. Энэ нь дуудлага худалдааны анхны үнэлгээнээс даруй 10 дахин их үнээр зарагдсан үзүүлэлт болжээ.


М.Алиг бүх цаг үеийн хамгийн агуу боксчин гэдгээр дэлхийн дахинаа мэддэг боловч түүний урлагийн авьяасыг олон нийт төдийлөн мэддэггүй ажээ.



“Тэрээр амьдралынхаа туршид зураг зурсан. Түүнийг аав нь мэргэжлийн зураач хүн байсан бөгөөд тэрээр ааваасаа урам зориг авдаг байсан” гэж “Bonhams” дуудлага худалдааны төвөөс мэдээлжээ. 


"Мухаммад Али бол нэгэн үеийг тодорхойлсон соёлын бэлгэдэл байв. Түүний уран бүтээлүүдэд бокс, иргэний эрх, шашин шүтлэг, дэлхийн энх тайван, хүмүүнлэг үзэл зэрэг олон сэдвүүдийг дүрсэлсэн байдаг" гэж тус төвийн захирал Хелен Холл дурджээ.


Эдгээр бүтээлүүдийг түүний найз, цуглуулагч Родни Хилтон Браун дуудлага худалдаанд оруулсан бөгөөд 1977 онд Бостонд болсон тулааны дараа М.Али түүнд зориулж анхны гурван зургаа зурж байсныг тэрбээр онцолжээ.  



Дуудлага худалдаагаар М.Алигийн бүтээлүүд төсөөлж байснаас гурав дахин өндөр үнээр буюу нийт 945524 ам.доллароор худалдаалагджээ. Тодруулбал, 1979 онд зурсан "I Love You America" зураг нь 150 мянган ам.доллароор зарагдсан бол 1967 онд зурсан исламын шашныг христийн шашинтай харьцуулсан ноорог зураг нь 24 мянган ам.доллароор үнэлэгдсэн гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.




"Хамгийн агуу боксчин" хэмээх алдрыг хүртсэн мэргэжлийн боксын хүнд жингийн гурван удаагийн аварга М.Али Паркинсоны өвчны улмаас 2016 оны зургаадугаар сард 74 насандаа таалал төгссөн юм.


 

Холбоотой мэдээ