М.АЗЗАЯА: ЭНЭ УРЛАГТ ДУРЛАСНЫ НЭГ ШАЛТГААН НЬ "ХӨХӨӨ" КИНО

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-10-08 18:27:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Хэдхэн хоногийн өмнө монгол уран бүтээлчид Холливудын алсын зайнаас хамтран кино бүтээх төслийн шугамаар “Сүүдэр” богино хэмжээний анимэйшн хийсэн юм. Тэгвэл уг бүтээл нь “St. Louis international film” олон улсын кино наадмын “Шилдэг богино кино” төрөлд албан ёсоор шалгарчээ. Уг наадам жил бүр 300 орчим киног дэлхийн үзэгчдэд хүргэдэг бөгөөд Оскарын зэрэглэлийн арга хэмжээнд тооцогддог байна.


Энэ удаад “Сүүдэр” бүтээлийн зохиолч, найруулагч, чөлөөт уран бүтээлч М.Аззаяатай ярилцлаа. Тэрээр найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс” киноны гол дүрд тоглосноос гадна Ж.Жамъянсүрэн найруулагчийн бүтээл “Хөхөө” кинонд туслах найруулагчаар ажилласан билээ.


-АНИМЭЙШН БҮТЭЭЛД АШИГГҮЙ ЦАГ ХУГАЦАА ГЭЖ ҮГҮЙ-


-Монголд анимэйшн төрлийн кино хамгийн ховор. Сүүлд үзэгчдэд нэлээдгүй хүрсэн нь реппер О.Баярсайханы “Онц дүмд” байсан. Харин “Сүүдэр” анимэйшнийг хэрхэн бүтээсэн бэ?


-Сүүлийн үед дэлхий нийтээр хөл хорионы чанга дэглэм үүссэнээс үүдэн алсын зайнаас хамтран ажиллах шинэ төслийг Оскарын шагналт, продюсер Йоахим Зелл уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн юм билээ. Тус программыг олон улсын хуралд танилцуулах ёстой учир дэлхийн 6 орныг сонгож, алсын зайнаас хамтран кино хийх болсны нэг нь Монгол Улс юм. Төслийн санаачлагч, монгол талын продюссер нь жүжигчин А.Баярцэцэг эгч байлаа. Надад “Сүүдэр” киноны зохиолыг бичих, найруулагчаар ажиллах санал тавьсан, би зөвшөөрсөн. Уг нь бид өөр кино хийх гэж байсан юм.


-Ямар бүтээл вэ?


-Эхлээд богино хэмжээний уран сайхны кино төсөл дээр ажилласан. Гэтэл өнгөрсөн өвлийн эхээр Монголд анх удаа “Ковид-19” алдагдсанаас болж хатуу хөл хорио тогтоосон. Энэ үеэр кино зураг авалт хийх ямар ч боломж байгаагүй. Тиймээс л анимэйшн бүтээхээр болсон.


-Тус киноны агуулга, гол санааг хэрхэн бүрдүүлсэн бэ?


-Манай кино багийнхан цахим хуудас нээж зохиолын уралдаан зарласан юм. Тэр үед арав гаруй зохиол ирсэн. Гэхдээ зохиолууд бүхэллэг чанараараа шаардлага хангаагүй. Харин авч, хэрэгжүүлж болмоор хэсэг, хэсэг гоё санаанууд хоёр ч зохиолд байв. Тиймээс зохиолчийн зөвшөөрөлтэй эдгээр санааг авч, дээр нь өөрийнхөө санааг нэмж зохиолыг боловсруулсан.


-Олон улсын хамтралын багийнхан Монголыг хэрхэн онцолсон юм бол оо?


-Анх Монгол Улс байгаагүй юм билээ. Таван улс л сонгогдсон байсан. Тиймээс тус төслийн продюссер болох жүжигчин А.Баярцэцэг өөрийн эх орныг санал болгоход гадаадын найруулагч, төслийн багийн хамт олон их л таатай хүлээж авсан гэсэн. Ер нь Монгол орны нөхцөл байдал, аж төрөхүй гээд бүхий л зүйлс гадны уран бүтээлчдэд тун сонирхолтой санагдсан болов уу.


-Монголын кино уран бүтээлчдэд дутагдаж буй зүйлсийг Холливудын багийнхнаас нөхөж харав уу?


-Мэдээж тийм зүйлс ажиглагдаж байсан. Тэд кино хийх техник технологио маш сайн мэддэг. Мөн зохиолч, найруулагчийн хэлсэн санааг олон талаас нь судалж, ойлгож дүгнэхдээ их сайн. Энэ нь ямар нэгэн ажлыг цаг тухайд нь зуун хувь гүйцэтгэхэд эергээр нөлөөлдөг. Тиймдээ ч аливаа нэг асуудал үүсэхэд шуурхай шийдэж чаддаг. Энэ мэтчилэн сурах, мэдэх зүйл миний хувьд олон байсан. Гэхдээ хүмүүс өөр, өөр шүү дээ. Гол нь Монголын кино уран бүтээлчдэд дутагдаж буй зүйлс нь технологитой сайтар харилцах чадвар л болов уу. Бусдаар бол манай багийнхан бүгд л хичээнгүй, туршлагатай хүмүүс.




-“Louis international film” фестивальд шалгарсан. Киноны агуулга, зохиол гээд аль нь шалгаруулалтанд илүүтэй нөлөөлсөн бол?


-Хэдхэн хоногийн өмнө цахим зурвас ирэхэд л мэдсэн. Гэтэл найзууд маань түрүүлээд биччихсэн, цахимаар бүр баяр хүргэсэн байсан. Уг наадам бол дэлхийн “-А” зэрэглэлийн кино наадам юм. Хэрвээ бүтээл маань шилдгээр шалгарч чадвал Оскарын богино хэмжээний кино шалгаруулалтанд оролцох эрхтэй болно гэсэн үг.


Тус бүтээлийг “Сүүдэр” гэж нэрлэснийг уншигчид мэдэж байгаа. Энэ нь киноны өгүүлэмж сүүдрээр илэрхийлэгдэн хүмүүст хүрнэ гэсэн үг. Тэрхүү илэрхийлэмж, сүүдрийн шийдэл нь онцлог болж чадсан байх. Мөнхүү зураачийн арга барил, киноны дүрслэлүүд нь шүүгчдийн анхаарлыг татсан болов уу.


-Мэдээж урлаг бүтээгчээс тусдаа оршдог. Гэхдээ тус киноноос Монголын гэх тодотголыг хэрхэн олж харах вэ?


-Киноны агуулга, санааг бүхэлд нь гаргахад Монгол гэх тодотголыг тод томруунаар урлахад их хэцүү. Учир нь энд хүмүүс хоорондын харилцаа, цар тахлын үеийн нөхцөл байдлын тухай гарна. Харин киноны туршид “деталь” хэсгүүдээс Монголын уламжлалт эд зүйлс, ахуйн өнгөнүүдийг үзэж болно. Жишээ нь гэр хороолол гардаг хэсэгт нь монгол гэрийг харуулна. Мөнхүү гал тогооны өрөөнд буй жаазтай зурагт талбай дээр байдаг Д.Сүхбаатарын хөшөө бий. Гол дүрийн охин маань монгол хувцастай. Бас киноны нэгэн чухал үйл явдлыг үүтгэх төөрдөг байшинг “алхан хээ”-гээр шийдэж өгсөн. Энэ мэтчилэн сайн ажиглавал Монголын гэх олон зүйлсийг үзэгчид харах болно.  


-Ер нь уран сайхны кино, богино жанрын анимэйшн бүтээл хоорондоо юугаараа ялгаатай байдаг юм бол?


-Хугацааны хувьд харилцан адилгүй. Өгөгдсөн найман минутад зохиолын утга санааг шингээж, үзэгчдэд ойлгомжтой байдлаар хүргэх шаардлагатай болно. Уран сайхны кинонд тухайн үйл явдлын дүрсийг видео авч, дараа нь монтажлана. Ерөнхий томоохон хэсгүүд дээр нь хуваагдал үүсгээд ажиллаж болдог. Гэтэл анимэйшн бүтээлийг секунд секундээр нь бүтээх болдог. Ямар ч ашиггүй цаг хугацаа байж болохгүй.


-Найман минутын бүтээл, гэтэл олон орны зуу гаруй уран бүтээлч ажилласан гэсэн үү?


-Тийм. 12 орны 114 уран бүтээлч ажилласан нь төслийн цар хүрээтэй холбоотой. “Сүүдэр” киноны дуу оруулалтыг Монголын талаас “Vast энтертаймент”, Холливудын “Sky Walker sound” гэх томоохон стиудитэй хамтарч бүтээсэн. Үүнээс гадна орчуулагч, IT баг гээд олон хүний хичээл зүтгэл уг уран бүтээлийн ард бий.


-АРТ КИНОНУУД ИЛҮҮ УРЛАГЛАГ САНАГДДАГ-




-Кино найруулагчийн хувьд бусад нь анзаараагүй ч таны хувьд нэн чухал байж болох үл анзаарагдам зүйлстэй тулгарч байсан уу?


-Кинонд зохиол л хамгийн чухал гэж боддог байлаа. Энэ нь ч үнэн. Зохиол сайн байж л цааш бүх зүйл өрнөнө шүү дээ. Гэхдээ кино хийхэд харилцан адилгүй бүхий л хүчин зүйлс чухал оролцоотой гэдгийг ойлгосон. Нэг ширхэг тоосго ганхчихвал байшин нурна. Тиймээс найруулагч, зохиолчоос эхлээд кинонд оролцож буй хүн бүр л уран бүтээлч байдаг. Үүнийг л хамгийн сайн ойлгож авсан. Хүн ганцаар оршихуйгаа тодорхойлдоггүй. Түүнтэй адил кино бол хамтын бүтээл юм.  


-Хүн ямар нэгэн зүйл хийхэд тодорхой эхэлсэн цэг гэж бий. Кино хийх эхний цэг дээр зогсож байхад ямар мэдрэмж төрсөн бэ?


-Намайг кино урлагт дурлуулсан, хийж бүтээх хүслийг минь дэмжиж, тусалсан хүн бол МУАЖ, найруулагч Г.Жигжидсүрэн багш юм. Анх багштайгаа танилцаад баруун гарынх нь туслах болж байлаа. Кинонд нь туслах найруулагч, эвлүүлэгчээр ажиллаж, нэвтрүүлгийн “контент”-ууд дээр нь мөн тусалж ажилладаг байсан. Багш маань надад цаг үргэлж зааж зөвлөж, киноны талаар ярилцаж, дэмжинэ. Ингэж явсаар сургуулиа төгсдөг жил буюу 2016 онд “Эргэж ирсэн нь” нэртэй богино кино хийсэн. Тухайн киноны дүрслэл, агуулга нь Япон ахуйтай. Ийнхүү дипломынхоо ажлыг тэр жилийнхээ “Академи авардс” наадмын богино хэмжээний төрөлд сойтол Гранпри шагнал хүртчихсэн. Энэ надад томоохон урам болсон доо. Түүний дараа жил “Хөхөө” кинонд туслах найруулагчаар ажиллах санал ирсэн. Киноны эхний зураг авалтаас өгсүүлээд багийнхантай хоёр жил хамт ажилласан. Энэ цаг мөчүүдээс эхлэн кино урлагтай хэзээ ч салахгүй болтлоо холбогдсон.


-“Хөхөө” бол мэргэжлийн шүүмжлэгч, судлаачдаас өндөр үнэлгээ авсан бүтээл. Кино сонирхогчдын дунд ч “рейтинг” сайтай байгаа гэж хэлж болно...


-Миний кино урлагт дурлах болсон нэг шалтгаан нь “Хөхөө” кино байсан. Анх 2018 онд зураг авалтаа эхлүүлж, бүтэн хоёр жилийн турш хийгдсэн. Харин үүнээс хойш гурван жил өнгөрсний хойно буюу саяхан албан ёсны нээлтээ хийсэн. Эхлээд зохиолыг нь авч уншихдаа өөрийн эрхгүй уйлж билээ. Тэгээд л уг кинонд заавал ажиллана гээд дотроо зоримог шийдсэн. Ажиллах хугацаандаа Ж.Жамъянсүрэн найруулагчаас их зүйлийг сурсан. Ер нь уг кинонд тоглосон жүжигчид, зураглаач гээд бүх л хүмүүс ерөнхий найруулагчаас олон зүйлийг сурсан болов уу. Киноны зураг авалт ихэвчлэн зохиолын дагуу өрнөж, найруулагчийн шуурхай ажиллагаан дор өрнөдөг. Гэвч бид алхам алхмаар урагшилж, найруулагчийн онгодыг хүлээж ажилласан.




-“Шилүүс” кинонд гол дүр бүтээсэн. Уг кино ч мөн гадаадын олон том наадмуудад шалгарсан шүү дээ...


-“Шилүүс” кинонд санаандгүй байдлаар сонгогдсон. Тус киноны найруулагч П.Лхагвадулам нь гадаадад кино зохиолчоор докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Өмнө нь найруулагчаар бакалавр хамгаалсан хүн. Монголд ирэх хугацаандаа манай багш Г.Жигжидсүрэн дээр дадлага хийдэг байсан. Тиймдээ ч би танилууд болоод холбоотой байдаг байлаа. Бидэнд Европын орчин цагийн түүхээс хичээл орно. Тиймээс “Шилүүс” киног хийхээр болоход туслах гэж очоод гол дүрд сонгогдчихсон. Анх зохиолыг нь уншихад л Марал гэдэг гол дүрийн охин их таалагдаж байсан. Би тоглож чадах юм шиг бодол тархинд тэмтрэгдээд эхэлсэн.


-Жүжиглэх, найруулах мэдээж хоорондоо асар зөрүүтэй. Гэхдээ хоёуланг нь эзэмшсэн байхын давуу тал юу вэ?


-Би жүжиглэх дуртай ч найруулагч нь илүү гоё мэдрэмж төрүүлдэг. Учир нь жүжигчин хүн өөрийгөө урлан бүтээж, илэрхийлдэг ч гэсэн найруулагчийн хэлснийг гүйцэтгэх ёстой. Харин найруулагч бол өөрөөсөө гарах зүйлсийг дэлгэцэнд буулгадаг.

Харин хоёуланг нь эзэмшсэн байна гэдэг мэдээж найруулах явцад жүжигчидтэй ажиллахад илүү туршлагатай байдаг болов уу. Зохиол бичихэд хүртэл дүрийнхээ сэтгэл зүйг сайн мэдэрч чадна. Гэхдээ аль алиныг нь эзэмшсэн, сурсан гэж хэлэхгүй. Сайн найруулагч болохын төлөө суралцаж л явна. Өөрт минь ямар нэг зүйл бий гэдэгт итгэдэг. Түүндээ мөлхөөд ч хамаагүй хүрнэ дээ.


-Комэршил, арт хоёрын алинд нь илүү дуртай вэ?


-Арт кинонууд илүү урлаглаг байдаг. Гэхдээ бүр нэг тийм хэт туйлширсан, яаж ч хичээгээд ойлгох, авах зүйлгүй байвал бас дуртай биш. Аливаа зүйлс ер нь хоёр талтай байдаг шүү дээ. Илүү нийгмийн хэрэгцээнд зориулсан, ашиг орлого олох гэж хийгдсэн атал сайн “комэршил” бүтээлүүд олон бий.


-Ер нь сайн бүтээл нийгмийн шаардлагаас ангид байх хэрэгтэй юу?


-Яг ч тийм биш. Ер нь нийгмээс тусдаа байна гэдэг маш хэцүү. Манай алтан үеийн кинонууд бүгд супер шүү дээ. Тухайн үед “Монгол кино үйлдвэр” гэдэг нүсэр байгууллага ид ажиллаж байлаа. Улсаас мөнгө төсөвлөдөг учир уран бүтээлчид нь мөнгөний төлөө бус бүтээл хийхийн тулд ажилладаг байсан шиг санагддаг. Одоо бол зах зээл ихэнхдээ л шуураад өнгөрдөг кинонууд ашгийн төлөө л байдаг. Учир нь бүтээл хиймээр байгаа ч аж төрөх шаардлага тулгарна шүү дээ. Би ийм нэг зүйл уншиж байсан юм. “Хэрвээ сайн уран бүтээл хийе гэвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй” гэж бичсэн байсан.


-Тэгвэл мөнгө сайн уран бүтээл хоёр хоорондоо хэт хамааралтай байх нь, тийм үү?


-Техникийн оролцоо чухал болох үед яалт ч үгүй мөнгөтэй холбогдоно. Гэхдээ найруулагч нь үнэхээр төрмөл авьяастай, юмханаар юм хийдэг бол сайн бүтээл хийж чадахыг үгүйсгэх аргагүй. Гэвч орчин үеийн томоохон кино наадам, театрууд ч тэр дуу, дүрсний өндөр чанартай байх шаардлага тавих болсон. Үүнээс шалтгаалаад сайн техник хэрэгтэй. Тиймээс санхүүгийн бэрхшээлтэй тулгарч л таарна.




-Сүүлийн үед залуус киноны тухай санал, сэтгэгдлээ солилцож цахимд өөрсдийн бодлыг бичих нь нэлээд түгээмэл болсон. Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?


-Кино шүүмж бол заавал ч үгүй байх ёстой. Өдгөө хүмүүс ихэвчлэн киноны агуулга, чанар гэхээс илүү жүжигчдийг нь хараад сонгодог болчихсон. Театрын ажилчид, менежерүүд нь хүртэл “Ээ, энэ киног хүмүүс үзэхгүй. “Хөхөө” бол удахгүй буучихна” гэх зэргээр шууд ханддаг. Тиймээс шүүмжлэгчид сайн муу, аль алинаар нь ялгадаг, бичдэг бол хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөнө. Зарим киног үзэх сэдлийг ч төрүүлэх байх.


-Заримдаа хийж буй зүйл гацчих явдал уран бүтээлч хүн бүрт тохиолддог. Тэр мөчид бүтээлч байдлаа өдөөхийн тулд хийдэг үйлдэл бий юу?


-Зүүдэндээ их итгэдэг. Мэдээж зохиолтойгоо зууралдаж байгаад унтахаар их бага гэлтгүй хийж буй юмсын талаар зүүдэлдэг. Тиймээс зүүдээ маш сайн хянахыг хичээдэг. Өөр нэг зүйл нь гэвэл үзэл бодол, үг яриа сайн нийлдэг цөөн хэдэн найз бий. Байнга уулзахгүй ч гэсэн хэрвээ зохиолын санаа, амьдралд тохиох үйл явдлуудын нэг дээр хүрээд хаачихаа мэдэхгүй болчихвол тэднийгээ зорьдог. Найзуудтайгаа уулзаж, санаа бодлоо солилцож, өөрийгөө хөглөдөг гэх юм уу даа. Харин яг бичих үедээ бол аль болох ганцаараа тайван суухыг эрмэлзэнэ.


-Энэ их түгээмэл асуулт л даа. Гэхдээ л асуумаар санагдаад болдоггүй. Хамгийн дуртай киногоо нэрлээч?  


-“Мандухай цэцэн хатан”. Энэ киноны дүрүүдэд ч тэр, хөгжимд нь ч тэр адилхан дуртай. Мөн “Амир мөр” гээд багшийн найруулсан киног дахин дахин үздэг. Ер нь хэчнээн үзсэн ч уйдахааргүй олон сайхан кинонууд бий.


Гэрэл зургийг | Г.Чинзориг

Өнгө, эвлүүлэг | Ч.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ