Чингис хотод 1560 метр автозамыг шинэчилж ашиглалтад орууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-11 08:28:27
Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1560 метр авто замыг “Харгуй” ТӨХК гүйцэтгэж, замаа нээгээд байна.
"Харгуй" ТӨХК-аас авто замын шинэчлэлийн ажилд тусгагдсан баруун дөрвөн замын уулзвараас урагш 800 метр засвар үйлчилгээ, ус зайлуулах шугамын ажил, явган хүний гэрлэн дохио тавих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаад бөгөөд компанийн ажилчид хоёр ээлжээр ажиллаж, 24 цагаар зам тавих ажил үргэлжилж байна.
Албан эх сурвалжийн зүгээс анх удаа Хэнтийнхэн өөрсдөө авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр орон нутгийнхаа төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай явуулахаар төлөвлөснийг мэдээлж, Чингис хотод тавих гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил ирэх хавраас эхлэх бөгөөд, гэр хорооллын замын асуудлыг шугам сүлжээний ажилтай цогц байдлаар шийдвэрлэнэ гэлээ.
Холбоотой мэдээ