Германд коронавирусний шинжилгээг төлбөртэй авах шийдвэр хэрэгжиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-12 15:00:16

БЕРЛИН. /Saudi Gazette/. Германд вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд иргэдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байгаатай холбогдуулан даваа гаргаас эхлэн 12-оос дээш насны хүмүүсээс “COVID-19”-ийн шинжилгээг төлбөртэй авах шийдвэр хэрэгжиж эхэлжээ.


Харин эрүүл мэнд болон бусад шалтгаанаар вакцинжуулалтад хамрагдах боломжгүй иргэд антигенд суурилсан түргэвчилсэн оношлуураар үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойгоос гадна 12-оос доош насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн шинжилгээг үнэгүй хийнэ гэж тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.


Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн мэдээлснээр, даваа гаргийн байдлаар тус улсад халдварын 3111 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдварын өвчлөл хоёр долоо хоногийн дээд хэмжээнд хүрчээ.


Үүний зэрэгцээ тус улсын 54.27 сая орчим хүн вакцины бүрэн тунд хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын түвшин 65.3 хувьд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ