200 гаруй өрхийг цэвэр бохирын шугамд холбожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 200 гаруй өрхийг цэвэр бохирын шугамд холбож, хашаандаа сайхан амьдрах боломж бүрдсэн байна.
Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрт төв суурин газрын дэд бүтэц, дулаан хангамжийн асуудлыг шийдэж, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан. Үүнийхээ хүрээнд энэ онд цэвэр бохирын нэгдсэн шугамд холбогдохоор 270 гаруй өрх хүсэлтээ өгчээ. Үүнээс 212 өрхийн хүсэлтийг шийдэж нэгдсэн шугам сүлжээнд холбох боломжийг бий болгосон байна. Ингэснээр 200 гаруй өрх цэвэр бохирын нэгдсэн шугамд холбогдож хашаандаа тав тухтай амьдрах боломжтой болоод байгаа юм. Цаашдаа гэр хорооллын дэд бүтцийн шугам сүлжээг нэмэгдүүлж, иргэдээ хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангаж ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.