"100 хүүхэд 100 боломж 100 дэмжлэг" аяныг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-12 22:36:27

Хэнтий /МОНЦАМЭ/ "Дайманд майнд" Хүүхэд хөгжлийн төвөөс "100 хүүхэд 100 боломж 100 дэмжлэг" аяныг Хэнтий аймагт хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Тодруулбал, тус төвийг үүсгэн байгуулагч Хан Хэнтий нутгийн охин Хэрлэн гуравдугаар сургуулийн төгсөгч Э. Хишгээ нутгийнхаа хүүхдүүдэд Шинэ мэдлэг, Шинэ арга барил, Шинэ боломж түгээхээр төлөвлөжээ.

Тэрээр улс орны гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийн мэдлэг, оюунд хөрөнгө оруулалт хийж, тэдний сайн сайхны төлөө өөртөө итгэлтэй, алсын хараатай, оюунлаг, манлайлагч өсвөр үеийг бэлтгэх, хувь хүний хөгжлийн чадвар эзэмшүүлэх зорилготой гэдгээ хэллээ.

Чингис хотын 5 сургуулиас 100 хүүхдийг сонгон авч сургалт хөтөлбөртөө хамруулна. Ивээн тэтгэгчдээр хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг Төрийн байгууллага, бизнес лидер эмэгтэйчүүд, аймгийн ИТХ, ГБХЗХГ, Өндөрхаан телевиз хамтран Хан Хэнтий нутгийнхаа хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийнэ.

Ташрамд дуулгахад: Тус үйл ажиллагааг Баян-Адарга суманд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд нутгийнхаа хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийсэн Баян-Адарга сумын Хурлын төлөөлөгч Бат-Октябрь, Баянхутаг сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч Амгаланбаатар, Хэрлэн сумын 2-р багийн Хурлын төлөөлөгч Д. Амгаланбаатар нар дэмжин хамтран ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ