Монголд анх удаа ногоон барилгын EDGE гэрчилгээ олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-10-13 16:58:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэгт “Сакура Проперти” ХХК-ийн барьсан амины орон сууцанд олон улсын EDGE системээр эрчим хүчний аудит хийж ногоон барилгын олон улсын гэрчилгээ өнөөдөр олгов.


Ингэснээр манай улс олон улсад хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд ээлтэй, бүхий л талын хэмнэлттэй ногоон барилгын гэрчилгээ авсан анхны барилгатай болоод байна.


Ногоон барилгын үнэлгээний EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн 3 чиглэлээр үнэлдэг, дэлхийн 150 гаруй улсад хэрэгжүүлж буй, Дэлхийн банк, ОУСК-аас нэвтрүүлсэн ногоон барилга, байгууламжийн стандарт үнэлгээ аж. Тодруулбал, тухайн улс орны норм стандартад заасан үзүүлэлтээс хамгийн багадаа 20 хувиас доошгүй үр ашигтай байх шаардлагыг тавьдаг байна.


Манай улсад барьсан, ногоон барилгын EDGE гэрчилгээ хүртсэн амины орон сууц нь эрчим хүчийг 57 хувь, усны хэрэглээг 27, барилгын материалын 42 хувийн хэмнэлттэй. Монголд олгосон анхны гэрчилгээ нь ахисан түвшний буюу advanced ангиллынх аж. Гэрчилгээ авсан амины орон сууц нь модон каркас бүхий 70 метр ам дөрвөлжин талбайтай, хоёр давхар барилга юм. Орон сууцанд 5 квт-ын хүчин чадалтай нарны зайн PV хураагуур суурилуулж цахилгаан, эрчим хүчний хэрэглээг 55 хувь хангах нөхцөл бүрдүүлснийг "Сакура Проперти" ХХК -ийн захирал Н.Ганбаа онцолж байв.


Барилгад нэвтрүүлсэн шинэлэг технологийн шийдлүүд нь халаалтын хэрэглээг тэг рүү ойртуулж, үлдэх багахан хэрэгцээг сэргээгдэх эрчим хүч ашиглан хангах юм. Түүнчлэн усны хэрэглээг хэмнэх тоноглол суурилуулж, төмөр бетон, тоосго зэрэг цул, хүнд, эрчим хүч ихээр шаарддаг барилгын материалаас татгалзаж, хөнгөн хийцийг сонгосон нь ногоон барилгын гэрчилгээ авах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ.

Барилгыг ХБНГУ-ын Засгийн газар, Швейцарын Хөгжлийн агентлаг болон Улаанбаатар хотын захиргаанаас хамтран хэрэгжүүлж буй Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага GIZ-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд Монголын Банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо хэрэгжүүлэн гэр хороололд барьжээ. 

Гэрчилгээ олгох үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розэнберг, GIZ-ийн Барилгын эрчим хүчний үр ашиг төслийн захирал хатагтай Дуняа Хоффманн, БХБ-ын дэд сайд Э.Золбоо нар оролцлоо.




Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ