“Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна”

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-13 23:00:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм. Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр иржээ.

Тус өдрийн хүрээнд аймгийн Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөртэй хамтран аймгийн төв Партизаны талбайд гал түймэр унтраах, аврах, тусгай зориулалтын автомашин, гал унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмж, аврагч, гал сөнөөгчийн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэд олон нийтэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх сургалт дадлагыг зохион байгууллаа.

Мөн бага насны хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан “Аврагч мазаалай театр”-ын баатрууд болох Аврагч мазаалай, Томоо, Солонго, Сониучхан нар ерөнхий боловсролын өмнөх болон бага ангийн хүүхдүүдэд өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж өгч, гарын авлага материалыг тараалаа.

Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, М.Рэгдэдмаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар оролцлоо. Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг ажээ.

Энэ жилийн хувьд хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт “Е” буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх” гэсэн зорилтын хүрээнд “Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна” гэсэн уриан дор тэмдэглэж байна.



Холбоотой мэдээ