Зэсийн баяжмалын экспортын дүн 97.8 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-18 08:47:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 9 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 11.5 тэрбум ам.доллар болж, 27.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. Мөн гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан талаар ҮСХ-ноос мэдээллээ.


ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Ц.Тэгшжаргал, “Монгол Улс 2021 оны 9 сард дэлхийн 147 оронтой худалдаа хийснээс нийт гадаад худалдааны бараа эргэлт 11.5 тэрбум ам.доллар болоод байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 59.3 сая ам.доллароор өсөөд байна. Экспорт 6.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн” талаар мэдээлэв.


Өнгөрсөн 9 дүгээр сард манай улс БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 орчим хувийг эзэлж байна.


Тэрээр экспортын өсөлтөд уул уурхай гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь голлон нөлөөлснийг тодотголоо. Тухайлбал, зэсийн баяжмалын гаргасан биет хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа хэдий ч үнийн дүн нь 97.8 хувиар өсжээ. Нүүрсний биет хэмжээ 37.5 хувиар буурсан ч үнийн дүн нь өмнөх оны түвшинд байна.

Манай улсын импортын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор өсжээ. Үүнд улаанбуудай, ачааны автомашин дизель түлшний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн 9 дүгээр сард манай улс БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 орчим хувийг эзэлж байна.

 

Холбоотой мэдээ