Япон нефть олборлогч орнуудад олборлолтоо нэмэгдүүлэхийг уриална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-18 14:32:33

ТОКИО. /Kyodo/. Япон улс нефтийн үнийн өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нефть олборлогч орнуудад олборлолтоо нэмэгдүүлэхийг уриална гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр мэдэгдлээ.


“Бид нефтийн зах зээлийн хөдөлгөөн хийгээд түүний дотоодын үйлдвэрлэл, айл өрхүүдэд үзүүлэх нөлөөллийг нягт ажиглаж байна” гэж К.Фүмио Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү, Аж үйлдвэрийн сайд Хагиүда Коичи нарын бүрэлдэхүүн бүхий Засгийн газрын гишүүдийн яаралтай хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.


Эрэлт нэмэгдэх болсонтой холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд нефтийн үнэ огцом нэмэгдээд буй юм. Тухайлбал, “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ Нью-Йоркийн биржид баасан гарагт 82.28 ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт болсон юм.


Ийнхүү нефтийн үнэ нэмэгдэж байгаа нь Японд шатахууны үнэ өсөхөд нөлөөлөөд байгаа бөгөөд цаашлаад 10 дугаар сарын эхээр онцгой байдлын дэглэмийг цуцалснаас хойш дотоодын аялал жуулчлал сэргэх хандлагатай байгаа энэ үед өрхийн зардалд хүндрэл учруулж магадгүй байна.


Ерөнхий сайдын хувьд, нефть олборлогч орнуудад олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалах чиглэлд Олон улсын эрчим хүчний агентлагтай хамтран ажиллаж, нефтийн үнийн өсөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг амсах эрсдэлтэй аж үйлдвэрүүдэд тусламж үзүүлэхэд “зохих арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлэхийг” холбогдох сайд нарт үүрэг болгожээ.


“Бид тус тусын хүлээсэн үүрэг хариуцлагынхаа дагуу дорвитой алхмуудыг хэрэгжүүлэх болно” гэж М.Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ