Л.Энх-Амгалан: Багшийн үр дүнгийн урамшуулал цалингийн нэг хэсэг болж нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-19 14:35:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.


Засгийн газраас есдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлсэн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.


Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, нийтийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн. Халдварын эрсдэлийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирсний дотор зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өөрчлөх нөлөөлөлтэй байгааг Сангийн сайд танилцуулсан.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банк дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. Уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын багаас хариулт авсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар Ш.Раднаасэд гишүүн тодруулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны нийт эх үүсвэр 228 тэрбум төгрөг байсан, одоо эх үүсвэрт нь өөрчлөлт оруулж байгаа хэмээн тайлбарласан. Тодруулбал, дотоодын НӨАТ-ын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрт тооцдог байсан бол энэ удаа уул, уурхайгаас орох орлогыг нь нэмэгдүүлээд, дотоодын НӨАТ-ын эх үүсвэрийг хассан гэлээ. Урьд нь АМНАТ-ын орлогын 5 хувь Орон нутгийн хөгжлийн санд ордог байсан бол одоо 10 хувь болж нэмэгджээ. Ингэснээр, нийт эх үүсвэр 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 253 тэрбум төгрөг болж байгаа юм. Хуваарилах хувь, өмнө нь Төсвийн тухай хуулиар хүн ам, нутаг дэвсгэрийн алслалт, нягтрал, орон нутгийн хөгжлийн индекс, татварын идэвх, санаачилга гэсэн 4 төрлийн итгэлцүүрээр тооцдог байсан бол шинэ хуулиар 3 итгэлцүүрээр тооцож, хуваарилахаар болсныг тайлбарлав. Ингэснээр, аймгуудад өмнө нь хуваарилагдаж байсан хувь хэмжээ буурахгүй гэдэг тайлбарыг Сангийн яамнаас өгсөн.


Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний өөрчлөлтийн талаар хэд хэдэн гишүүн тодруулга авсан. Төрийн албан хаагчдын 60-70 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт байдгийг Л.Энх-Амгалан сайд тодотгосон. Боловсролын салбарын тухайд энэ жилийн төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа гэдэг хариулт өглөө. Тодруулбал, өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлэх болно гэлээ. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа юм байна. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тайлбарласан.


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ноогдол ашгийн талаар болон НӨАТ-ын хувь хэмжээ, буцаан олголтын талаарх бодлогын талаар тодруулж, Сангийн сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан. Нийт 50 мянга орчим төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэдэг зарим төрлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр холбогдох тооцооллыг хийснийг Ц.Сандаг-Очир гишүүн тодотгов. Энэ арга хэмжээний зохион байгуулалт, үр нөлөөний талаар лавлав. Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй, цар тахлын нөлөөлөлтэй ийм цаг үед нэг ч албан хаагчийг ажилгүй болгох эрсдэлтэй алхам хийхгүй гэдгийг Сангийн сайд тэмдэглэлээ. Дээрх тооцоолол, мэдээлэл нь дунд болон урт хугацааны зорилго, хөдөлмөр эрхлэгчид хамгийн ээлтэй байх загварыг сонгож, бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ гэдгийг онцлон тайлбарласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төсвийн зардал, Засгийн газрын өрийн хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, алт, зэс, нүүрсний борлуулах үнийг багаар төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэх тооцоог дутуу төлөвлөж байгааг шүүмжилсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, Б.Жавхлан сайд болон ажлын багаас хариулт авсан юм.  


Дараа нь хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр санал хураав. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь буюу 69.2 хувийн саналаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ