Эдийн засаг сэргэснээр төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-19 14:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өснө. Үүнд цар тахлын дараах уул уурхайн бус салбарын сэргэлт голлон нөлөөлнө гэж Төвбанкнаас үзэж байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоодын эргэлтийг дэмжинэ гэж Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд тусгаад буйг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр тодотголоо.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэлд цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулахад эдийн засгийн сэрэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгө-санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхийг төрөөс Төв банканд даалгаад байна.

Энэ үүднээс Монголбанк төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлого барьж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс инфляцийг 6 хувийн голчтой интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байна.




Инфляц нам түвшинд байх нь иргэдийн бодит орлогыг хамгаалах хүчин зүйл болохоос гадна хэлбэлзэл багатай үнийн түвшин бизнесээ төлөвлөх зэргээр зах зээлд тодорхой бус байдлыг бууруулдаг хүчин зүйлийн шалтгаантайг тодотгож байна. Цаашид хорио цээрийн дэглэм шат дараатай суларч, цар тахлын сөрөг нөлөөг зөөллөх бодлогын үйл ажиллагаа үргэлжлэн хэрэгжиж буйн зэрэгцээ эдийн засгийн идэвхжил сэргэж байгаа тул эрэлтийн гаралтай үнийн өсөлт алгуур нэмэгдэх төлөвтэй.


Инфляц ирэх онд Төв банкны зорилтот түвшин 6 хувьд хүрч тогтворжино.


Мөн зээлийн өсөлт дээр дунд хугацааны тогтвортой байдлыг хангах  түвшинд 15-20 хувьд тогтворжуулна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр өнөөдөр богино хугацааны, түр зуурын буюу нэг удаагийн шинжтэй, гадаад, дотоод зах зээлээс хамаарсан нийлүүлэлтийн хүчин зүйлээс нөлөөлөн өсөж буй инфляцын дундаж түвшин ирэх оны IV улиралд 6.9 хувь байх хүлээлттэй байна.

Гадаад, дотоод дахь эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор манай улсын нийт төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоодын эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөөлнө гэж үзжээ.

Төв банк ирэх жил 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, ХАА-н салбарыг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллахаа мэдэгдэж байна. 

Холбоотой мэдээ