“Эрдэнэт хөгжил -2021” эдийн засгийн форум “Технологи, инновац” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-19 16:03:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хөгжил-2021 эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь хэлэлцүүлэг Технологи, инновац сэдвээр үргэлжилж байна. Тус сэдвийн хүрээнд:

  • ШУТИС-ийн Эрдэнэт цогцолбор сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд /ШУТИСЭЦДС-ийн дэд захирал Ц.Төгсбуян/
  • Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаа /ШУТС-гийн хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ/
  • Паркийн технологи дамжуулах зорилт / Эрдэнэт ШУТП” ОНӨҮГын захирал, Ph.d Г.Энхбаяр/ сэдвүүдээр илтгэл тавилаа.

ШУТИС-ЭЦДС-ийн дэд захирал Ц.Төгсбуян: Манай сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран Орхон аймгийн ирээдүйн хөгжил, шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй хэд хэдэн томоохон судалгаа, шинжилгээг хийж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг агаараас тандан судлах судалгааны ажлыг 3 жилийн хугацаатай хийгээд явж байна.

Тус судалгааг хийснээр хуримтлагдсан хаягдлыг дахин боловсруулах боломжийг судлах, хаягдлын аж ахуйн 3D загварыг гаргах, цагаан тоосны тархалтыг тодорхойлох өндөр ач холбогдолтой. Одоогоор судалгааны ажлын гүйцэтгэл 80 хувьтай, үйлдвэрийн бүсийн 162 мянган га талбайд 1,4 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй өндөр нарийвчлалын топо, дэвсгэр зургийн өгөгдлүүдийг бүрэн цуглуулж, хүлээлгэн өгөөд байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө яригдаж байгаа. Хэрэв тус төсөл биеллээ олвол бид сургуулиа кампус хэлбэрээр хөгжүүүлж, Хагас үйлдвэрлэлийн судалгааны цогц лаборатори байгуулахаар төлөвлөсөн.

ШУТС-гийн хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ:  Шинжлэх ухаан технологийн сан нь Монгол Улс, монгол хүний хөгжлийг хурдасгагч шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, шинжилгээний ажлыг санхүүжүүлэн, үр дүнг түгээн дэлгэрүүлж, нутагшуулах зорилготойгоор байгуулсан. Тус сан 2021 оны байдлаар инновац, суурь судалгааны, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл, залуу судлаачдын грант, докторын тэтгэлэг зэрэг нийтдээ 490 төслийг санхүүжүүлээд байна.


Эрдэнэт ШУТП ОНӨҮГ-ын захирал, Ph.d Г.Энхбаяр: Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ шинэ технологийг зах зээлд нэвтрүүлэх, бизнес эрхлэгчид, ААН-үүдэд шаардлагатай технологийг судалж, тэдний эрэлт хэрэгцээг хангах чиглэлд Технологи дамжуулахсудалгааг явуулна. Технологи дамжуулах эхний зорилтоор БНХАУ-ын үйлдвэрлэлийн технологиудыг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлд ажиллана. Технологи дамжуулалтаар экспортыг орлосон монгол эрдэмтдийн бэлэн технологи байгаа эсэх, эсвэл шинээр бий болгох талаар судлах, судалж буй технологийн өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, технологийг захиалагчид танилцуулах, технологи эзэмшигч, эсвэл хөгжүүлэгчтэй гэрээ хийх чиглэлээр хамтын ажиллагааг дэмжиж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид технологид суурилсан, инновац шингэсэн гурван үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан. Олон төрлийн технологи, инновацыг нэвтрүүлэх санал санаачилга байдаг ч түүхий эдийн дутагдал их байгаа нь бидний хувьд санаа зовох асуудал болж байна гэлээ

Холбоотой мэдээ