С.Амарсайхан: Эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явах бодлого баримталж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-19 18:02:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн шинжээчдийн таамаг, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлийг судалж, илрүүлэх асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ боллоо.


Тус форумыг нээж Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр илтгэл тавив.


Тэрбээр илтгэлдээ, нийгэм болон байгалийн, эдийн засгийн эрсдэл гэсэн үндсэн гурван асуудал Монгол Улсад тулгамдаж буйг тодотгоод, эдгээр эрсдэлийг давах туулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Тухайлбал, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр хилийн боомтуудыг өргөтгөж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэн бүтээн байгуулах төслийг өрнүүлж байна.  Цар тахлын улмаас дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлын нэг нь олон улсын ачаа тээврийн бөөгнөрөл, саатал, үнийн өсөлт болоод буй юм. Тиймээс 17 жилийн турш ажил нь зогсоод байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, ложистик, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Замын-Үүдийн боомтыг 2022 онд өргөтгөж шинэчилснээр, зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин, ачаа тээврийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж эдийн засгийн эрсдэлийг даван туулахад ихээхэн ач холбогдолтойг Шадар сайд С.Амарсайхан илтгэлдээ дурдлаа.



Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад иргэн, аж ахуйн нэгж, төр засаг, иргэний нийгмийн байгууллагын бүх талын оролцоотойгоор эрсдэлийг даван туулах боломж бий гэдгийг тэрбээр онцлов. Монгол Улсын Засгийн газраас “10 их наядын цогц төлөвлөгөөг” хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Үүний тулд эрсдэлийг "Даван туулах, дасан зохицох стратeги"-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явах бодлого баримтлан ажиллаж буйг тэмдэглэв. 


Энэ удаагийн форумд “Ковид ба эдийн засаг, ковид ба бизнес” гэсэн үндсэн хоёр чиглэлээр илтгэл тавигдаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ