Шилдэг орчуулгын “Билэгт гүүш” шагналыг МУСГЗ Г.Аким хүртлээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-20 12:55:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зохиолын шилдэг орчуулгын бүтээлд олгодог "Билигт гүүш" шагналыг энэ жил Альбер 

Камюгийн "Тахал" романаараа Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Аким хүртлээ.


Харин дэд байрт Марсел Прүстийн "Алдуул цагийн эрэлд" орчуулгаараа Л.Алтангэрэл, гутгаар байрт Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг орчуулгаараа М.Батбаяр шалгарсан байна.  Хоёр жил тутам олгодог уг шагналын уралдааныг Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төв, “Гэндэндарам” сангаас хамтран зохион байгуулж ирсэн юм. 


“Билигт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн "Солиот", Орхан Памиукын "Хар домог" романы орчуулгаараа нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн 2015 онд тодорч байв.


Уг шагналыг уран зохиолын орчуулгын үнэ цэнэ, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилгоор нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам санаачлан үүсгэж, санхүүжүүлж ирсэн юм. Харин “Гэндэндарам сан"-гаас энэ жилийн “Билэгт гүүш” орчуулгын наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтжээ. Мөн энэ оны “Билэгт гүүш” наадамд 2019 оны 7-р сараас энэ оны 10-р сарын хооронд хэвлүүлсэн уран зохиолын орчуулгын бүтээлийг хүлээн авч шалгаруулсан байна. 


Холбоотой мэдээ