Вакцины 3 дахь тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдвар 10 дахин багасжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-10-20 08:39:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дархлаажуулалтын ажлын баг байгуулан, нийт ажилтнаа гурван удаа вакцинжуулжээ. 


Тодруулбал, Синофарм компанийн Вероселл вакцины эхний тунд бүх ажилтнаа хамруулсан бол хоёр дахь тунд 98 хувь нь хамрагджээ. Харин дархлаа сэргээх 3 дахь тунг 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хийлгэсэн байна. Гурав дахь тунгаар Файзер вакцин хийлгэжээ. Ингэснээр өдөрт дунджаар 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол 1-4 болж эрс цөөрсөн байна. Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө гэж тус үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа. 


Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалахад онцгой анхаарч, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг онцоллоо.

Холбоотой мэдээ