Худалдааны танхимуудыг анхан шатнаас байгуулж, Үндэсний танхим шүхэр байдлаар ажиллах санал тавив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-20 18:09:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан дээрх хуулийн төслийн талаар өнөөдөр санал авах хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүгийн эхэнд зохион байгуулагч Улаанбаатар хотын Худалдааны Танхим хуулийн төслийг бүх талаар нээлттэй хэлэлцүүлэн санал авсны үндсэн дээр олон улсын жишигт нийцсэн ХАҮТ-уудын тогтолцоог бий болгоё. Энэ үүднээс хуулийг сайжруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв. Энэ талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнээс тодруулбал, “Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харвал, бүх ААН зөвхөн МҮХАҮТ-ын заавал гишүүн болно. Эдийн засгийн салбар тус бүрд нэг “дагнасан танхим” байгуулж болох ба Үндэсний танхимын харьяанд байна” гэж заахаар байна. Энэ нь хэт төвлөрсөн бүтцийг бий болгоно. Бид бол хувийн хэвшил болон мэргэжлийн холбоод байр сууриа шат шатандаа илэрхийлдэг, доороосоо дээшээ өөрсдийн эрх ашгийг ил гаргаж тавьдаг байдлаар танхимыг чөлөөтэй байгуулж ажиллуулах санал тавьж байна.



Тодруулж хэлбэл, Өвөрхангай аймагт Худалдааны танхим байгуулагдлаа гэхэд аймаг, орон нутгийнхаа хэмжээнд асуудлаа тавьдаг, Улаанбаатарын танхим нийслэл хотдоо гаргадаг, МҮХАҮТ нь ерөнхий үндэсний хэмжээнд тавьж шийддэг, шийдүүлдэг, шүхэр маягийн, нэг асуудлыг олон талаас ярилцдаг тогтолцоог бий болгоё гэсэн зарчмын, өөр байр суурьтай байна хэмээн тодотгож байв.

Хэлэлцүүлэгт оролцсон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ, ашгийн төлөө хуулийн этгээд бүгд МҮХАҮТ-ын (хатуу) гишүүнчлэлтэй байна, заавал бүртгүүлнэ гэх мэтээр хуулийн төсөлд баялаг бүтээгчдээ дэмжихгүй (хуулийн шинэчилсэн найруулгын 5-ын 7-д) зарим заалт байгааг тэмдэглэж байв. Энэ нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэнэ гэсэн эрхийг зөрчиж байна. Үүнийг хууль тогтоогч, шийдвэр гаргагч нар анхаарна уу гэв.




Тэрээр Худалдаа, аж үйлдвэрийн тухай одоогийн хуульд “дагнасан танхим” байгуулна гэж заагаагүй, шинээр оруулж ирж буйг мэргэжлийн холбоог бий болгох зорилготой гэж ойлгож байна. Гэтэл дагнасан танхимыг МҮХАҮТ-ын гишүүн байгууллага байгуулж болно, ингэхдээ МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс заавал зөвшөөрөл авна гээд зааж байгаа нь бие даасан байдлыг бус ганц толгойтой, төвлөрсөн монополыг бизнесийн салбарт бий болгох гэж байгааг бид дэмжихгүй гэж байв. МҮХАҮТ үүргээ гүйцэтгэж ирсэн ч одоо цааш ийм төвлөрсөн тогтолцоогоороо явах шаардлагагүй болж байна гэв. Тэрээр, Засгийн газраас өргөн барьж одоо хэлэлцэх гэж буй Мэргэжлийн холбоодын эрхзүйн байдлын тухай хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ТББ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төсөлд мэргэжлийн холбоодын талаар нарийн зааж тусгаж буйг бид дэмжиж байна. Эдгээр хуулийг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийн төсөлтэй хамт уялдуулан нэгтгэн авч хэлэлцэх хэрэгтэй байна гэсэн саналаа хэллээ.




Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт Монголын Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагын удирдлага, төлөөлөл, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын гишүүн бизнес эрхлэгчид оролцлоо. 

Холбоотой мэдээ