Малын тэжээлийг үйлдвэрийн үнээр нь шууд худалдан авах боломж бүрдсэн

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-20 20:06:38

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга Т.Мөнхзоригтой цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Эрдэнэсант сум газар тариалан, мал аж ахуйн хосолсон аж ахуйтай. Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ?

-Эрдэнэсант бол Төв аймгийн баруун захад оршдог тал хээрийн сум юм. Голлох аж ахуй нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд үндсэндээ бүрэн хангагдаад байна. Одоогоор сумын аюулгүй нөөцөд 40 тн өвс нөөцөлсөн. Өвс тэжээлийн үнийн хөөрөгдлийг барих чиглэлээр "Дархан гурил тэжээл" ХК, Улаанбаатар хотын “Милл хаус” ХХК-тай  урьдчилсан байдлаар гэрээ байгуулсан. Ингэснээр энэ жилдээ малын тэжээлийг үйлдвэрийн үнээр нь шууд худалдан авах боломж бүрдэж байна.

Мөн нэг үеэ бодвол малчид өөрсдийнхөө хотонд өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангаж байна. Энэ өвлийн хувьд малын гоц халдварт шүлхий өвчин болон, ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй отроор нүүдэллэх айлуудыг оруулахгүй байх, мөн отор нүүдлээр явахгүй байх чиглэлийг хүргүүлсэн байгаа. Эрдэнэсант сум нь 408 мянган толгой малтай. Хонин толгойд шилжүүлснээр энэ жил 618 мянган толгой мал өвөлжих төлөвлөгөөтэй байна. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай хангагдсан байна. Иргэд аж ахуй нэгжүүд дулаан алдалтаас урьдчилан сэргийлж орон байрны дулаалга, засварын ажлууд дуусвал 100 хувь хангагдана гэж үзэж байна.


-Газар тариалангийн хувьд?

-Эрдэнэсант сум газар тариалан эрхэлдэг 23 мянган га эргэлтийн талбайтай. Энэ жил 11 мянган га-д тариалалт хийсэн. 14 аж ахуй нэгж 3 иргэн газар тариалан эрхэлдэг бөгөөд одоогийн байдлаар ургац хураалт 85 хувьтай байна. Гарч байгаа улаан буудайн цавуулаг чанар өндөр гэсэн үзүүлэлттэй байгаа учраас борлуулалт сайн байна гэж харж байна.

-Сүүлийн үед хийж буй томоохон ажлуудаас?

-Эрдэнэсант суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 3,1 тэрбум төгрөг төсөвт суусан. Үүнээс 3,2 км авто зам, 100 хүүхдийн цэцэрлэг тус тус ашиглалтад орлоо. Мөн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил 60 орчим хувьтай байна.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 210 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. “Мөнх чандмань илч” ХХК дулаан болон цэвэр усны нийт 178 км шугамыг тавьсан, ингэснээр 52 аж ахуй нэгжийг төвийн шугамтай холбож дулаан болон цэвэр усаар хангах ажлын эхлэл тавигдаад байна.

Бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор худаг усны цэг нэмэгдлээ. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлууд хийж байна.

2021 оныг Хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Төв аймгийн 2 сумыг Шүдний иж бүрэн кабинеттай болгох төсөл хэрэгжсэний үндсэн дээр Эрдэнэсант суманд тус кабинет нээлтээ хийн одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

2021 онд Орон нутгийн хөгжлийн сан болон шилжих үлдэгдлээс орон нутгийн хөрөнгө оруулалт болон төсөл арга хэмжээ нэлээдгүй хийлээ. 76 га талбайд үүсэж бий болсон хогийн цэгийг "Амьюс" ХХК-тай хамтран лантфилийн аргаар цэвэрлэж хоггүй болголоо. Мөн тус газрыг нөхөн сэргээх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж байна.


Шинэ хогийн цэгийг бий болгох ажлыг яаралтай эхлүүлж, сумын иргэдээс авсан судалгаанд үндэслэн сумын зүүн дэнжид байрлах хуучин тэжээлийн аж ахуйн хогийн цэгийг түшиглэн 4 га талбайг хашаажууллаа. Шинэ хогийн цэгт зөвхөн цэвэр хог буюу үнс, бууц, шороо байх юм. Иргэдийн хувьд хогоо ангилан ялгаж хаях уриалгыг хүргэн ажиллаж байна. Ингэж сурснаар сумын хог багасах, ажлын байрыг бий болгох, айл өрхүүдийн амьдралын чанарыг сайжруулахад түшиц болно гэж харж байна. Дахин боловсуулах боломж бүхий хог хаягдлыг бид түүхий эд авах компаниудтай хэлэлцээр хийж шийдвэрлэхээр ажиллаж байна. Иймд иргэд дахин боловсрох боломжгүй хог хаягдлаа цэвэр хог болгох ажлыг өөрсдийн санаачилгаар хийж хэвшүүлбэл сум орон нутгийн хөгжилд түлхэц болно гэж харж байна.


-Ногоон байгууламжийн хувьд?

-Эрдэнэсант сумын намрын мод тарих ажил эхэлчихсэн явж байна. Төв аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй "Эко-Төв аймаг Эко-Өдөр" аяныг дэмжин Эрдэнэсант сумынхан "Нэг өрх, Нэг мод" аяныг өрнүүлэн оролцож байна. Намрын мод тарилт хийсний дараа ногоон паспорт олгож, бүх модыг бүртгэлжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.


-"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал хэр байна? Сургууль, цэцэрлэг сургалтын ямар хэлбэрээр хичээллэж байгаа вэ?

-Халдварын тоо буурахгүй байгаа учраас сургууль цэцэрлэгүүд энэ долоо хоногт цахимаар хичээллэнэ. Ирэх долоо хоногоос эрсдэлийг харгалзан үзэж нөхцөл байдал хэвийн байвал хичээлийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна.  Эрдэнэсант суманд  батлагдсан  тохиолдол 343 болсон. Одоогийн байдлаар сумын эмнэлэгт 34 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд гэрийн эмчилгээнд 12 иргэн байна. Эдгэрэлтийн байдал 90 хувьтай. Зорилтот түвшний өвчтнүүд буюу архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү цаг алдалгүй нүүлгэн шилжүүлж эмчилж байна.

 

Холбоотой мэдээ