Нийслэлийн 32 дахь Засаг дарга ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-07 14:17:58

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Су.Батболд өнөөдөр тамгаа гардаж авлаа.

НИТХ-ын энэ сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас НЗД-д Су.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд түүнийг батламжилж, өнөөдрөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилов. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл түүнд тамгыг нь гардууллаа. Ингэснээр Су.Батболд Улаанбаатар хотын 32 дахь захирагчаар томилогдож, ажлаа хүлээн авав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Су.Батболд төрийн алба тасралтгүй үргэлжлэх ёстой гэдгийг онцлоод “Та биднийг Үндэсий их баяр наадам, АСЕМ-ын  дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулахгүй цааш үргэлжлүүлэн явуулахыг НЗДТГ-ын албан хаагчдаас хүсэв. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай” хэмээв.

Мөн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг  бид нэг цэгт төвлөрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархан хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлж, улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай. Мөн гэр хорооллын дахин төлөвлөт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжүүлэх хэрэгтэй”-гэв.

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нь Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ХААИС-ийг Инженер-багш, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер мэргэжлээр дүүргэж, ХААИС-д Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн МУИС-ын Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч улмаар 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктрын зэрэг тус тус хамгаалжээ. 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер, Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн ерөнхий инженер, хэлтсийн дарга, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Улмаар 2002-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ