Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-21 22:14:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.


Сангийн сайд Б.Жавхлан төсөл санаачлагчийн илтгэлийг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.


Хууль санаачлагчаас 2022 оны төсвийн жилд гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж, гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын гадаад худалдаа эрхлэгчдээс шаарддаг баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад олгож, холбогдох хуульд заасан хилийн мэргэжлийн хяналтын албаны ажил үүргийг холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.


Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийн арилжааны банк дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, урт, дунд хугацаанд бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоос татгалзаж, хүүхдийн хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Боловсрол соёл, урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн цалин хөлсийг тогтоох зорилгоор төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг нь Засгийн газраас тогтоох, хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, Засгийн газрын гадаад зээл авах бэлтгэл ажлыг хангахад мөрдөх журмыг тус тус батлах, зээлийн батлан даалтын сангаас Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдэд батлан даалт гаргахыг зохицуулсан холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. 


Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг тусгасантай холбогдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох, Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлзх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулахаар холбогдох тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна.


Монгол Улсын Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.


Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр санал хураалгах нь зүйтэй гэсэн санал гарсан тул хууль, тогтоол тус бүрээр хураалгасан байна.


Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд орох өөрчлөлт, хохирол нөхөн төлөлтийн талаар, 2022 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Боловсролын багц хууль батлагдахгүй байх магадлалтай тул төсөвтэй холбоотойгоор багц хуулиас шаардлагатай зарим заалтуудыг 2022 оны төсөвтэй хамт батлах шаардлагатай эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэв.


Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал малын индексжүүлсэн даатгалаас хохирол нөхөн төлдөг асуудлыг дахин судлан үзэж, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар төсвийн хэлэлцүүлгийн явцад боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой төсөвт тусгагдсан асуудлаар Байнгын хороо зарим хууль,  тогтоолыг гаргах шаардлагатай талаар санал гаргажээ.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.


 Б.Жавхлан сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой санал хэлж, Сангийн яам энэ чиглэлээр ямар төлөвлөлт хийснийг тодруулсан юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг шуурхай хангах үүргийг төсвийн захирагч нарт хүргүүлээд байгаа гэв. Шуурхай зохион байгуулалтаар ажилласнаар үнийн өсөлт, улирлын чанартай инфляц зэрэг олон эрсдэлээс сэргийлэх бололцоо бүрдэх бөгөөд энэ жилээс гүйцэтгэлээ эртнээс шахаж явах нь хөрөнгө оруулалтын чиглэлийн төсвийн шинэчлэлийн нэг хэсэг хэмээн Б.Жавхлан сайд хариулт өглөө. Олон улсын түвшинд амжилт гаргасан урлаг, соёлын зүтгэлтнүүдийг спортынхонтой адил урамшуулал, цалин, хангамж олгох эсэх асуудлаарх гишүүний асуултад Соёлын сайд хариулт өгсөн юм. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмаар олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг урамшуулдаг бөгөөд 2022 оноос Соёл урлагийг дэмжих сан нь уран бүтээлчдийг олон улсын чанартай тэмцээн, уралдаанд ороход нь дэмжлэг үзүүлэх, улмаар мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг болохоор бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв. Ж.Ганбаатар гишүүн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг танилцуулж, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд ямар үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл өргөн мэдүүлснийг тодрууллаа. Тус сангийн дүрмийн санг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл 1.2 их наяд төгрөгийн баталгаа гаргах бололцоотой болсон байна. Харамсалтай нь үйл ажиллагааных нь хүртээмж хангалтгүй байгаа учраас энэ удаа хүртээмжийг тэлэх, ипотекийн зээл авч буй иргэдийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэлээ.


Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зориулалтад өөрчлөлт орсноор иргэдийн амьдралын чанар, өрхийн орлогод ямар өөрчлөлт орох талаар судалгаа хийсэн эсэхийг М.Оюунчимэг гишүүн тодруулав. Одоогоор 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгож байгаа бөгөөд цар тахлын нөхцөлд бодлогын дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 35 хувьд хүрэх магадлалтай байсан ядуурлын түвшинг 21 орчим хувьд барьж чадсан гэх урьдчилсан судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргасан болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр болгох ч нэн шаардлагатай айл өрхүүд хүсэлтээ гаргасны үндсэн дээр бүрэн болон тал хувиар нь авах боломжийг нээлттэй зохицуулсан гэв. Энэ хүрээнд нийт өрхийн 20-30 хувь нь дээрх хувилбарыг сонгох магадлалтай хэмээн тооцоолоод байгаа аж.


Ийнхүү төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь хууль, тогтоолын төсөл нэг бүрийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.


Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг  хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олон дэмжсэн.


Харин Байнгын хороо Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нзмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм.


Үргэлжлүүлэн бусад хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураан шийдвэрлэснээр, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө 

Холбоотой мэдээ