БАЙГАЛИЙН ДАРХЛААНД БУС БҮҮСТЭР ТУНД ИТГЭХ НЬ

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-10-29 16:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд ковидын эсрэг вакцинаас өөр найдвар тавих зүйл үгүй юм гэдгийг хүлээн зөвшөөрөх боллоо. “COVID-19”-ийн халдвар тархах байдал, шинэ шинэ хувилбарууд өдөр цагаар хувьсан өөрчлөгдөж, дэлхийн шилдэг эрдэмтэд ч учир начрыг нь олж чадахгүй байна. Хамгийн сүүлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тэргүүтэй байгууллагууд халдварлаад эдгэрсэн эсэхээс үл хамааран вакцинд хамрагдахыг зөвлөх болов. Цаашид хүн төрөлхтөн ковидтой зэрэгцэн амьдрах нь нэгэнт тодорхой болж, вакцин ч гол хамгаалалт болох нь гарцаагүйд хүрч байна. Магадгүй дараа дараагийн нэмэлт тунгууд ч бидний аминд орох бололтой.


Өнөөдрийн байдлаар манай улсын 2 сая 255 мянган иргэн нэгдүгээр тунд, 2 сая 140 орчим мянган хүн буюу нийт хүн амын 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин дархлаа сэргээх тунг 400 мянга гаруй хүн буюу нийт хүн амын арав гаруй хувь нь л хийлгээд байна.


Вакцинд хамрагдах явц удаан байгаа нь вакцинд хандах хандлагаас ихээхэн шалтгаалж байна. Энэ нь ганц манайд ч биш бүхий л улс оронд тохиолдож буй үзэгдэл юм. Гэхдээ цар тахлыг шинжлэх ухаанаас ангид аргаар туулан гарах үндэслэл алга. Тийм ч учраас амь нас, эрүүл мэндээ хариуцлагатайгаар хамгаалахад вакцинжуулалтын эсрэг хэт туйлширсан үзлээсээ татгалзах нь чухал болж байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2021 оны эцэс гэхэд дэлхийн улс орнуудын хүн амын 40 хувийг, 2022 оны дунд үе гэхэд 70 хувийг нь вакцинжуулах зорилт дэвшүүлж буйгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдээд байна. Хүний биеийн байгалийн дархлаа хэдий хугацаанд ковидоос хамгаалахыг олж тогтоогоогүй, эсрэг биетийн түвшин хүн бүрт харилцан адилгүй байгаа энэ үед энэ вирусийн эрсдэлээс хамгаалах ямар боломжийг эрдэмтэд санал болгож байна, түүгээр хамгаалах шаардлагатай юм.

 

Өнөөдөр дэлхийн хаана ч вакцинаас өөр хамгаалалтыг олоогүй, ганц найдвар нь вакцин л байна. Дэлхий дээр одоо хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Вероцелл, Пфайзер, Спутник вакциныг манай улс сонголттойгоор, үнэгүй хийж байгаа. Иргэдээсээ амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг, вакцинд хамрагдахыг гуйж, уриалсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 460 гаруй явуулын болон суурин, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн 84 төв, 333 сумын эмнэлэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм.

 

Вакцины эхний хоёр тунд хамрагдах байдал ерөнхийдөө хүн амын 60 гаруй хувьд хүрээд бараг зогссон, нэмэлт тунд маш цөөн хүн хамрагдаж байгаа нь салбарынхны санааг зовоож буй юм. Эрүүл мэндийн байгууллага хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа ч ковидын шинэ шинэ хувилбарын өвчлөл хүндрэл асар их уршигтай байна. Вакцины гуравдугаар тунгийн хамрагдалтыг хамгийн багадаа хүн амын 30-аас дээш хувьд хүргэвэл халдварын тохиолдлын тоо буурч эхлэх боломжтой юм гэдгийг эрдэмтэн судлаачид  хэлж байна.



Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст халдварлаад эдгэсэн хүмүүсийнхээс илүү хамгаалалт үүсэж байгаа тухай олон улсад баталгаа нотолгоотой ярих болов. “COVID-19”-өөр халдварлаж байсан, вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дахин халдвар авах магадлал вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийнхээс хоёр дахин өндөр байгаа судалгааг зарим улс орнууд хийжээ.


Түүнчлэн хатуу хөл хорио, вакцинжуулалтыг төдийлөн урьтал болгохгүй байсан Европын улсууд ч ард иргэддээ вакцины хамгаалах сайн талыг ухуулж, зарим нэг нь хатуу хөл хориог дахин тогтоох шийдвэрт ч хүрч байна. Тухайлбал вирусний тархалтыг олон сарын турш хязгаарлаж байсан ч халдварын тоо дахин эрчимтэй нэмэгдсэн Латви улс Европын орнууд дундаас анх удаа дахин хөл хорио тогтоосон. Эрүүл мэндийн салбар дахь цар тахлын нөлөө, хямралыг даван гарах ганц арга зам бол вакцин юм гэдгийг тус улсын Ерөнхий сайд онцолсон.

Иргэдийнх нь бараг 60 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан ч энэ нь хангалттай түвшинд хүрээгүй гэж үзэж байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас 3000-аас цөөн хүн нас барсан Латви нь Европын орнууд дундаа халдварын эсрэг амжилттай тэмцсэн орны тоонд багтаж байсан юм. Гэвч иргэд вакцинд хамрагдахад хойрго хандсан нь халдвар дахин нэмэгдэхэд нөлөөллөө гэж тус улсын эрдэмтэд, эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. 

 

Мөн манай хойд хөршид коронавирусний улмаас нас барагсдын тоо өдөртөө мянга давж одоогоор 230 гаруй мянган иргэнээ энэ тахлын улмаас алдаад байгаа билээ. Үүнийг мөн л вакцинжуулалтад хамрагдах явдал сул байгаатай холбон тайлбарлаж байгаа. Урд хөрш улс ч иргэдээ гуравдугаар тунд идэвхитэй хамрагдахыг хэдийнээ уриалаад эхэлчихсэн. Тус улс нэмэлт гурав дахь тунд дотоодынхоо вакциныг ашиглаж байна. Хятадад нэг тэрбум хүн вакцины хоёр тунд хамрагдсан тухай өнгөрсөн сард мэдээлж байсан юм.

 

Вакцинжуулалтын явц сул байгаа нь, өвчлөл, нас баралтын шалтгаан болж байгааг дэлхий даяар, улс орнууд хүлээн зөвшөөрөх болсон ч манайд вакцины эсрэг зогсох хандлага байсаар байна.  Зорилтот бүлгийн иргэдийн нэмэлт гуравдугаар тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүй юм гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм. Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээхээр болсон. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглоод байгаа билээ.

Манай улсын хувьд есдүгээр сарын 23-наас бүрэн тунд хамрагдсан 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулж эхлээд байгаа юм. 


Вакцинд хамрагдсан ч өвчлөл халдвараас хамгаалах зайлшгүй шаардлагатай. Вакцин хэдий хэр хугацаагаар хамгаалах, халдвар авахгүй байх нь тодорхой бус энэ үед бүрэн баталгаа шаардах нь ч бас учир дутагдалтай юм гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй юм. Ташрамд дурдахад 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдах боломжтой гэж байсан бол насны энэхүү доод хязгаарыг улам доошлуулсаар байгаа нь вакцины хор нөлөө бага, харин хамгаалах чадвар нь найдаж болохуйц юм гэдгийг илтгэж буй нэг хэрэг биз ээ.  



 

Холбоотой мэдээ