БНСУ ирэх сараас хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулна

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-10-25 15:31:25

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ирэх сараас эхлэн “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулна гэж тус улсын хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ.


"Хөл хорионы дэглэм, вакцинжуулалтын түвшин өндөр үзүүлэлтэд хүрсэнтэй холбогдуулан бид аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж эхэлж байна" гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлжээ.


Тодруулбал, БНСУ-ын вакцинжуулалтын түвшин 70 хувь давсан тул уг шийдвэрийг гаргаж байгаа аж.


Ирэх сараас эхлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулахаас гадна их, дээд сургуулиуд танхимаар хичээллэж, ихэнх хязгаарлалтын арга хэмжээг сулруулах боловч амны хаалт зүүх шаардлага хэвээр хэрэгжих юм.


Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, одоогийн байдлаар нийт хүн амын 79.4 хувь буюу 40.7 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 35.9 сая буюу 70.1 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.


Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 1190 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд сүүлийн гурван долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Холбоотой мэдээ