Аймгийн музей уламжлалт тоглоом наадгайн сургалт хийв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-26 21:05:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийг судлах музейгээс ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад Монголын уламжлалт тоглоом наадгайн сургалтыг хийжээ.

Манай орон нутгийг судлах музейгээс боловсролын ажлын хүрээнд жилд 4-5 удаа ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулж үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Суралцагчдад зориулж Монголын уламжлалт тогтоом наадгайн үзмэрүүдийг үзүүлж, сургалт хийж байна.

Сургалтын үеэр суралцагчид музейн үзмэр, эд өлгийн зүйлтэй танилцаж, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзийн зохион бүтээсэн оньсон тоглоомын танхимаар зочиллоо. Түүний зохион бүтээсэн оньсон тоглоом, шагай, хорол, үйчүүр зэрэг уламжлалт тоглоом, наадгайн сургалтад хамрагдсан. Ер нь хүүхдүүдийг багаас нь насных нь онцлогт тохирсон уламжлалт тоглоом, наадгайгаар тоглуулах нь хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар хөгждөг. Мөн тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон гэр бүл, хамт олон, найзууддаа монгол өв соёл, тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой байдаг. Тиймээс манай байгууллагаас соёлын өв уламжлал, эд өлгийн зүйлийг залуучууд, хүүхдүүдэд таниулахад өндөр ач холбогдол өгдөг.

Өнөөдрийн байдлаар дээрх сургалтад Улиастай сумын Жавхлант Цогцолбор, Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 30 гаруй хүүхэд хамрагдаад байна. Хүүхдүүдийг сургалтад хамруулахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж үйлчилгээ, сургалтыг явуулж байна гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.

Холбоотой мэдээ