“Pfizer” Японы хүүхдүүдэд вакцинаа хэрэглэх хүсэлт гаргах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-28 12:02:23

ТОКИО. /Kyodo/. Америкийн “Pfizer” компани “COVID-19”-ийн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргахаар Японы талтай хэлэлцээ хийж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд лхагва гарагт мэдээлжээ.


АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ зөвлөх бүлэг мягмар гарагт хуралдаж, “Pfizer”-ын вакциныг энэ насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвлөсөн юм.


Эх сурвалжуудын мэдээлснээр, “Pfizer” албан ёсоор хүсэлт гаргасан тохиолдолд Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэн даруй хэлэлцэж эхлэх төлөвтэй байна.


Германы “BioNTech” компанитай хамтран гарган авсан “Pfizer”-ын “COVID-19”-ийн вакциныг Японд 12 болон түүнээс дээш насны хүмүүст үнэ төлбөргүйгээр тарьж байгаа юм.


Хүнс, эмийн чанарын хяналтын газарт хүргүүлсэн компанийн мэдээлэлд дурдсанаар, АНУ тэргүүтэй орнуудад явуулсан эмнэлзүйн туршилтаар вакцин 5-11 насны хүүхдүүдийг “COVID-19”-өөр халдварлахаас 90.7 хувиар хамгаалжээ.


Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцинжуулж эхэлж магадгүй байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн хувьд зөвхөн суурь өвчтэй хүүхдүүдэд вакцин тарих саналыг мөн дэвшүүлээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ