Үерийн гамшигт өртсөн 70 өрхөд 50 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-28 16:43:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран Говь-Алтай аймгийн үерийн гамшигт өртсөн 70 өрхөд 50 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. 

Тодруулбал, өнгөрсөн 7, 8 дугаар сард тус аймгийн зарим сумаар дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орсны улмаас цөөнгүй айл өрх үерийн гамшигт өртөж хүний амь эрсэдсэн, гэр нурж тавилга эд хогшил болон машин техник, малаа үерт алдсан билээ. Үерийн гамшигт өртсөн 70 өрхөд Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран өрх тус бүрт 370 мянган төгрөг, хөнжил 4 ширхэг, гудас 4 ширхэг, ариун цэврийн багц гэх мэт хүмүүнлэгийн тусламжийг олгож буй тухай холбогдох албанаас мэдээлэв.

Аравдугаар сарын 28-нд Есөнбулаг сумын үерт өртсөн 14 өрхөд үзүүлэх тусламжийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн Анхан шатны хорооны тэргүүн П.Золжаргал, Улаан загалмайн хорооны дарга Ч.Батзориг нар гардууллаа.


Холбоотой мэдээ