Ус түгээх байрны ухаалаг системийг гэмтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүн амын ундны усны аюулгүй байдалд ноцтойгоор халдаж ус түгээх байрны ухаалаг системийг гэмтээсэн тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал Дархан сумын долоодугаар багийн нутаг дэвсгэр дэх гуравдугаар ус түгээх байрны карт уншигчийг хагалсан, зургаадугаар ус түгээх байрны ухаалаг ус түгээх системийг гаднаас цохиж огт ажиллагаагүй болгожээ. Үүнээс үүдэн тухайн ус түгээх байраар үйлчлүүлэгчдийн унд, ахуйн хэрэгцээний цэвэр ус тасалдах, холоос ус зөөх зэрэг хүндрэл үүсч байгааг “Дархан-Ус суваг” ХК-аас мэдээлэв.
Иймд иргэдийн ундны усны аюулгүй
байдалд санаатайгаар халдахгүй, улсын өмчийг эвдэж сүйтгэхгүй байхыг анхааруулж
байна. "Дархан-Ус суваг" ХК-ийн тухайд өмнө нь энэ мэт бусдын буруутай үйлдлээс шалтгаалан гэмтэж,
эвдэрсэн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас захиалж улмаар сольж шинэчлэн
засварласаар ирсэн. Харин хил гааль
хаалттай, худалдаа экспортын үйлчилгээ зогсонги байдалд буй эдгээр өдрүүдэд тоног төхөөрөмж шинээр
нийлүүлэх, засварлах боломжит
хувилбарыг эрэлхийлэн ажиллаж байгаа
аж. Иймд дээрх ус түгээх байраар үйлчлүүлэгчид та бүхнийг
энэ хугацаанд хүлээцтэй хандаж, хэрэглээгээ зохицуулахыг хүсье. Буруутай үйлдэл гаргаж буй этгээдийг харсан
даруйд Цагдаагийн газар болон шуурхай удирдлагын
төвийн 7533-3737 дугаарт мэдэгдэхийг "Дархан-Ус суваг" ХК-иас мэдэгдлээ.


