"Мал худалдах түр цэг" байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-08 13:56:01

Үндэсний их баяр наадам угтан аймаг, сумдын малын худалдаачдад зориулан Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамжаар Ургах наран хорооллын зүүн хэсэгт Мал худалдах түр цэг байгуулжээ.

Үндэсний их баяр наадмын үеэр нийслэлийн иргэд мал худалдан авч, амарч зугаалах нь нэмэгддэг. Үүнийг орон нутгийн малчид нийслэлийн ойролцоо мал худалдахаар олноор цуглардаг байна. Тиймээс эдгээр нийслэлийн иргэдийг эрүүл малаар хооллох, малчдыг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор энэхүү цэгийг байгуулжээ. Мал худалдах түр цэг 10 дугаар сарын 01 хүртэл ажиллах юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэхүү цэгээс бусад хэсэгт мал худалдахыг хориглосон байна.

Дээрх цэгт одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 35 иргэн өдөрт 200-300 мал худалдаалж байгаа юм. Худалдаалж буй малын эрүүл мэндэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Баяндэмбэрэл” компанийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч хяналт тавьж, халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ