Тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-02 20:22:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс даваа гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Коронавирусний эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлж, тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал соёл, урлагийн үзвэр үйлчилгээг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан түр журамд заасан шаардлагыг баримтлан хариуцлагын гэрээ байгуулж, заал танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, насны хязгааргүй нээж ажиллуулах аж. Халдвар тархах өндөр эрсдэлтэй бүх төрлийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөн 50 хувийн дүүргэлттэйгээр хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллуулж хяналт тавихыг мэргэжлийн байгууллагуудад онцгой комиссын дарга үүрэг болголоо.

Түүнчлэн үйл ажиллагаа нь хязгаарлалттай ажиллаж байсан диско баарны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 50 хувийн дүүргэлттэйгээр хариуцлагын гэрээ байгуулан, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хэвийн ажиллуулах аж.

Мөн уг хурлаар хил хаасантай холбоотой эм, тарианы олдоц муудаж болзошгүй байгаа учраас халдвар хамгааллын хувцас, эм тарианы хомстол үүсгэхгүй байхад анхаарах, тэмцээн уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн зааланд аливаа байгууллага, хамт олны тэмцээн уралдаан зохион байгуулахгүй, ковидоор өвдөөд эдгэсэн иргэдэд нөхөн сэргээх эмчилгээг хийх эмнэлгийг судлан дараагийн хурлаар танилцуулах, сайн дурын шинжилгээний хоёр түр цэгийг ирэх сарын 31 хүртэл сунган ажиллуулах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн юм.

 

Холбоотой мэдээ