Н.Буяндэлгэр: Бидний гол үүрэг бол хэлснийг нь орчуулж, харилцан ойлголцлыг бий болгох юм

Монголын мэдээ | Ярилцлага
ariunbold@montsame.mn
2021-11-02 10:35:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээрийн орчуулагчаар олон жил дагнан ажиллассан нэгэн эрхмийг сэтгүүлийнхээ зочноор хүндэтгэн урьсан юм. Энэ бол 1979 оноос орос хэлний орчуулагчаар ажиллаж буй Засгийн газрын ахлах референт Нямсамбуугийн Буяндэлгэр юм. Ялангуяа өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнийхээ хойно төв, нууцлагхан суугаа орчуулагч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэдгийг хэн бүхэн мэдэх тул тэдний ажил үйлс сонирхолтой байх нь дамжиггүй билээ.


-Анх орос хэлийг судалж, суралцах болсон шалтгаан тань юу вэ. Аль сургуульд суралцаж байв?


-Би тусгайлан судалж, суралцсан юм байхгүй. Манай аав Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллах томилолт авахад би 4, 5 настайдаа дагаж явсан. Ер нь бол Оросод өссөн гэж болно. Тэгээд Москва хотод цэцэрлэг, сургуульд суралцсан учраас орос хэлийг хурдан сурсан.


-Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой бүхий л уулзалт таны нүдэн дээр өрнөж, гэрээ хэлэлцээрийн талаар мэдээллийг хамгийн эхэнд сонсдог  гэх мэтээр таны ажлыг гаднаас нь харахад үнэхээр сонирхол татдаг. Та энэ ажлыг хэдэн жил хийж байна, юу нь хамгийн хүнд, юу нь хамгийн сайхан гэж үздэг вэ?


-Улсын төлөвлөгөөний комисст 1979 онд ажилд орж, зөвхөн бичгийн орчуулга хийдэг байлаа. Аман орчуулгыг бол 1984 оноос эхэлсэн. Тухайн онд би Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын Монгол, ЗХУ-ын харилцаа хариуцсан референтээр очиж байсан. Хамгийн хүнд нь аман орчуулга байдаг л даа. Яагаад гэвэл тухайн хүний хэлж байгаа зүйлийг шууд ойлгож, хэлэх гэж байгаа нарийн утга санааг нь тэр даруйд зөв гаргаж орчуулах нь хамгийн том сорилт байдаг. Эхэндээ өөрийгөө их л голдог байлаа. Залуу байсан учраас яарна, сандарна. Нарийн орчуулсангүй, утга санааг нь гүйцэд гаргасангүй гэж бодох тохиолдол байсан. Тухайн үед бол манай дарга нараас эхлээд орос хэлтэй хүн маш олон байсан. Гэхдээ дипломат ёсонд албан ёсны уулзалтад орчуулагч заавал орох ёстой. Уулзалтад оролцож буй төлөөлөгч нар тухайн хэлийг мэдэхгүйдээ биш юм.


-Манай улсын бүхий л салбарын мэргэжилтэн ЗХУ-д ид бэлтгэгдэж байсан үе шүү дээ.  Тэр хэрээр Орост сурна гэдэг залуу сэхээтнүүдийн хүсэл зорилго болж орос хэлийг шамдан сурч байсан. Орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн сэхээтнүүд олон байлаа.


-Ер нь дийлэнх мэргэжилтнээ тухайн үеийн ЗХУ-д сургасан. Одоо л Монголд орос хэлний сургалттай сургууль цөөрөөд байгаа болохоос биш тэр үед манай ерөнхий боловсролын сургуулиудад ч заадаг байлаа. Тиймдээ ч орос хэлний мэдлэгтэй хүн олон байсан. 


-Манай МОНЦАМЭ агентлагт бичгийн орчуулгаар мэргэшсэн шилдэг сэхээтнүүд ажиллаж ирсэн. Таны хувьд аман болон бичгийн орчуулгаар хоёулангаар мэргэшсэн тухай дээр дурдлаа. Аман орчуулгын хамгийн гол онцлогийг та юу гэж хэлэх вэ?


-Аман орчуулга бол бичгийнхтэй харьцуулахад хүнд бодох цаг хугацаа өгдөггүй. Бичгийн орчуулгыг бол буулгачихаад түүнийгээ эргэж засах боломжтой. Аман орчуулга бол хэлсэн л бол буцааж засах боломжгүй.


-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалаас эхлээд олон түүхэн уулзалт, айлчлалд та орчуулагчаар ажилласан. Яг таны ажилтай холбоотой гарч байсан сонин тохиолдлын талаар ярьж болох уу?


-Сонин тохиолдол ч ховор доо. Учир нь өндөр, дээд хэмжээний айлчлалын бэлтггэл ажлыг маш олон хүн, олон байгууллага хийдэг. Энэ хүрээнд нөгөө талтайгаа айлчлалын бүх юмыг тохирно. Айлчлал ямар хөтөлбөртэй байх вэ гэдгээс эхлээд бүх зүйлийг тохирдог тул гэнэтийн юм гарах нь ховор. Ганцхан найрсаг, гоё уур амьсгалтай байх үед зочин хувийнхаа баярласан сэтгэлийг илэрхийлэх явдал л гарна уу гэхээс гэнэтийн юм бараг байхгүй. 


-Оросоос монгол руу, монголоос орос руу орчуулахад ямар онцлог байдаг вэ. Хоёр хэл нь хоёр өөр язгуурт харьяалагддаг тул төрөл хэлнүүдийн хооронд орчуулахаас  илүү ачаалалтай байх тал байдаг уу?


-Онцлог байгаа. Монгол өгүүлбэрийг орос руу бараг араас нь урагшаа орчуулж байгаа. Монгол, орос хэлний нэг ялгаа нь энэ юм. Синхрон орчуулга гэдэг нь тэр хүн яриад эхлэхэд л дагаад орчуулга явах ёстой. Гэтэл манай монгол өгүүлбэрийн гол утга нь төгсгөлдөө байдаг. Синхрон орчуулга хийхэд хэлний ялгаанаас үүдээд тухайн хүн өгүүлбэрээ яаж дуусгахыг мэдэхгүй тул хичээл зүтгэл гаргаж, юу хэлэх бол гэж бодож, сонжино. Харин тухайн хүн ярьж байгаад дундаас нь зогсоод би орчуулахыг дараалсан орчуулга гэдэг. Энэ бол харьцангуй хялбар. Учир нь тэр хүний ярьж байгааг нь, хэлэх гэсэн санааг нь бүтэн сонсчихоод орчуулж байгаа юм.


-Тэгэхээр синхрон орчуулга орчуулагчаас сэтгэлгээний маш их хурд шаардана, тийм үү?


-Тийм. Ер нь сайн орчуулга, синхрон хийе гэвэл хүн тэр орчуулах гэж байгаа асуудлынхаа талаар маш сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байж, өөрийгөө бэлдэж байх ёстой. Судалчихвал би сэдвээ мэдэх учраас орчуулахад хялбар. Сэдвээ огт мэдэхгүй хүн синхрон орчуулах нь хүндрэлтэй байдаг болов уу гэж би боддог. Тухайн хэлийг сайн судалсан байлаа ч асуудал бүрийн нарийн утга учрыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Ер нь бол нэг сэдвийн хүрээнд хэлэлцэх асуудал нь тодорхой болчихсон уулзалт л орчуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар асуудал ярих гэж байгаа вэ, энэ сэдвийн мэргэжлийн хэллэг нь юу вэ, салбарын нэр томьёо нь юу вэ гэдгийг судалж, бэлтгэлээ л хангах хэрэгтэй. Нөгөө талаасаа орос хэлний зарим үгийг монгол хэлэнд яг нэг үгээр утгыг нь бүрэн илэрхийлэхгүй байх тохиолдол бий. Оросоор цөөхөн үгээр хэлж байгаа атлаа орчуулахаар олон үг болдог гэсэн үг. Жишээлбэл, “серьёзно” гэдэг үгийг илэрхийлчих ганц үг олдохгүй. Тэгээд л хоёр гурван үгээр орлуулдаг. Манай зарим дарга нар ч монголоор ярьж байхдаа “серьёзно” гэдэг үг ашигладаг. Орлох үг олоогүй учраас шууд ашиглачихаж байгаа юм.


-Сигналь гэдэг үгийг дуут дохио гэж хоёр үгээр орчуулдагтай ижил, тийм үү?


-Тийм. Тэгэхээр оросуудын хэлсэн маш товч өгүүлбэрийн зарим нэг үгийг хоёроос гурван монгол үг болгож орчуулахаар арай урт болдог. Тэгэхээр хурдан ярьдаг хүнийг синхрон орчуулгад авах нь оновчтой болно. Сэдвээ маш сайн мэддэг ч удаан ярьдаг хүн бол цаг барна.


-Насаараа боловсролын салбарт орчуулга хийсэн хүн эрүүл мэндийн салбарт орчуулга хийхэд хүндрэлтэй байдаг гэдэг.


-Тийм. Орос хэл маш сайн мэддэг хүн банк, санхүүгийн нарийн зүйлсийг мэргэжлийн түвшинд орчуулж чадахгүй шүү дээ. Ерөнхий ярьсан зүйлийг нь л орчуулчихна. Яг хоёр талаас банкны нарийн мэргэжлийн хүн суух юм бол ерөнхий орчуулж байгааг нь голно.


-Та бол боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч гээд бүхий л салбартай холбоотой уулзалтуудад орж байсан байх?


-Гурван өндөрлөгийн уулзалтаар бүхий л салбарыг ярина. Тухайн улстай хөгжүүлж байгаа хамтын ажиллагааны салбар бүрийг. Гэхдээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны юмыг ерөнхий үгээр илэрхийлдэг учраас хүндрэл бага. Зарим нэг нарийн зүйлсийг бол баримт бичгийг нь бэлтгэж байхдаа мэдэж авна. Холбогдох яамных нь хүнтэй суугаад Оросын талтай тохирсон баримт бичиг бэлтгэх үедээ оросоос нь тодорхой нэр томьёог нь мэдэж авна. Түүнийг нь л тархиндаа хийх хэрэгтэй.


-Үнэхээр таны хэлснээр, орчуулагч хүн эх хэлээ маш сайн мэддэг байх ёстой, тэгж гэмээнэ тухайн орны хэлнээс эх хэл рүүгээ оновчтой, уран яруу, зөв орчуулна. Та улс төрийн уулзалт, ярианд орчуулагчаар ажиллахаас гадна ном, зохиол орчуулж байв уу?


-Ер нь ном зохиол орчуулж байгаагүй. 1979 оноос эхлээд дандаа албаны буюу төрийн орчуулга хийсэн. Яг албаны орчуулгаар мэргэшсэн учраас уран зохиол руу орвол миний орчуулга учир дутагдалтай л болох байх. Бас кино, уран зохиолын орчуулга хийдэг хүнд албаны материал өгөхөөр шууд орчуулж чаддаггүй юм билээ. Ном зохиолыг маш сайхан орчуулсан хүмүүстэй уулзаад албан ёсны баримт бичиг өгөхөөр шаардлага хангасан хэмжээнд орчуулдаггүй юм билээ. Тэгэхээр би ч утга зохиолын сайн орчуулагч нарт гологдох байхгүй юу. Ер нь хүн чиглэл чиглэлээрээ л мэргэшдэг.


-Манай өмнөд, хойд хөршийн орчуулагч нарын тухай мэдээлэл олны сонирхол татаад удаагүй байгаа үед та бидний ярилцлага болж байна л даа. Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр орчуулагчаар ажилласан Жан Жин цахим орчинд ёстой л “од” болсон. Мөн АНУ, Оросын дээд хэмжээний уулзалтыг орчуулсан Дарьяа Боярскаяг барууны хэвлэлүүдэд “Кремлийн нууц зэвсэг” гэх мэтээр бичиж шуугиан тарилаа. Таны хувьд, ялангуяа дээд хэмжээний уулзалтад орчуулагч хүний баримтлах хамгийн гол чанар юу вэ?


-Хамгийн гол нь орчуулагч сууж байна гэдгээ хэнд ч мэдрүүлэхгүй, харагдахгүй байх нь л чухал. Орчуулагч бол тэнд оролцож байгаа гол хүн биш. Гол хүн нь манай төлөөлөгчдийн тэргүүн. Ерөнхийлөгч ч юм уу, Ерөнхий сайд эсхүл УИХ-ын дарга байна. Дэлхийн томоохон уулзалт, төрийн өндөр дээд түвшний айлчлалын үеэр орчуулагч нар “тодордоггүй” шүү дээ. Бидний гол үүрэг бол хэлсэн зүйлийг нь орчуулж, харилцан ойлголцлыг бий болгох юм. Өөрөө тодрох биш. Би бол ийм л зүйлийг эрхэмлэж байгаа. Бид үзэгдэхгүй, харагдахгүй байж орчуулга хийх л үүрэгтэй болохоос анхаарал татах ёсгүй. Тэр бол бидний зорилго биш. 


-Манай цахим ертөнцөд бас л нэлээд шуугисан асуудлыг хөндмөөр байна. Гэхдээ энэ нь хувь хүн рүү чиглэсэн асуулт биш шүү. Х.Баттулга ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлах үеэр орчуулагч нь гацаж сандарч байсанд олон нийт нэлээд унтууцсан. Гол нь манайх орос хэлний төрийн орчуулагч нараа бэлдэхэд сул ажиллаж байна гэсэн шүүмжлэл байсан. Тэгэхээр энэ талын мэргэшилтнийг бэлтгэхэд манай улс хэрхэн ажиллаж байна гэж та үздэг вэ?


-Намайг бол тусгайлан орчуулагч болгож бэлтгээгүй. Би зүгээр орос хэл мэддэг учраас Улсын төлөвлөгөөний комисст баримт бичиг орчуулдаг байсан. Тэгээд л ажлаа хийнгээ туршлагажиж, орос хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлсэн. Одоо ч ГХЯ-нд хэн англи хэл сайн мэдэж байна тэр нь орчуулга хийгээд л, туршлагажаад, сайжраад л явж байгаа. Бусад орны туршлагаас харахад бол орчуулагчаа бэлтгэх ёстой л юм билээ. Тиймээс ГХЯ ч энэ асуудалд анхаарал тавьж байгаа. Төрөл бүрийн гадаад хэлтэй орчуулагч нарыг бэлтгэх ёстой гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ одоохондоо тухайн хэлийг сайн мэдэж байгаа хүнийг орчуулагчаар томилж, ажлаа хийх үедээ дадлагажих, туршлагажих боломжийг олгох хэлбэрээр л явж байна.


-Сүүлийн жилүүдэд залуучуудын гадаад хэлний боловсрол дээшилж байна. Хос хэлтэй орчуулагчид ч олон болж. Орчуулагч болохыг зорьж буй залууст та юуг онцолж захих вэ?


-Ерөөсөө сайн уншигч байх хэрэгтэй. Орос хэлний орчуулагч болох гэж байгаа бол орос хэлээрх ном, нийтлэл унших хэрэгтэй. Унших тусам хэлний баялаг сайжирч, цөөн хэдэн үгэн дотор эргэлдэхээ болино. Тэр хэрээр орчуулж байгаа зүйлээ, хэлэх гэсэн санаагаа эвтэйхэн, зөв илэрхийлдэг болно. Би одоо ч орос хэлээрх ном зохиолыг унших дуртай. Яагаад гэхээр ямар ч хэл амьд организм байхгүй юу. Миний 1970, 1980-аад онд орчуулж байсан зүйлсийг одоо орчуулахад ашиглаж байгаа үг хэллэг, томьёо нь цаг үеэ дагаад өөрчлөгдчихсөн байгаа юм. Тэрнээс нь хоцрохгүй л байх хэрэгтэй. Тийм учраас ном, хэвлэл, нийтлэл, шинжлэх ухааны судалгаа гээд бүгдийг унших нь зөв. Аливаа үйл явдлыг Оросын хэвлэл ямар байдлаар бичиж байна, ямар үг хэллэг, нэр томьёо ашиглаж байна гэдгийг харж, өөрийгөө шинэчлэхийн төлөө ажиллах л ёстой. Би сурчихлаа гээд хаяж болохгүй гэж захимаар байна.


-За цаг гарган ярилцсанд танд баярлалаа.


-Баярлалаа.

Холбоотой мэдээ