Б.Мөнхбаатар: 2022 онд Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн асуудалд 30 гаруй тэрбум төгрөгийн төсөв тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-02 20:50:51

Төв /МОНЦАМЭ/ Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон тус яамны бүрэлдэхүүн Зуунмод хотод ажиллалаа. Энэ үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатартай цөөн хором ярилцлаа.


-Өнөөдөр Зуунмод хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажилтай танилцаж байна. Зуунмод хотын цаашдын дэд бүтцийн тогтолцоог хэрхэн харж байна вэ?

-Зуунмод хот бол Улаанбаатар хотоос 40 км зайд оршдог газарзүйн байршлын хувьд онцлогтой.  Улаанбаатар хотын ирээдүйд биелэх дэд бүтцийн задралтай холбоотой Зуунмод хотын хөгжлийн асуудлыг авч үзэх шаардлага бий болж байна. Урт хугацаандаа төлөвлөсөн томоохон хотууд болох Майдар хот, Хөшигийн хөндий, Шинэ Зуунмод хот бий болгох ажлууд үе шаттайгаар биелэлээ олж байгаа нь аялал, жуулчлалын томоохон төвийг цогцоор нь шийдэх гарц гэж үзэж байна.

Хот төлөвлөхийн тулд нэн тэргүүнд газрын доорх дэд бүтцийг хийх ёстой. Зуунмод хотод инженерийн шугам сүлжээний ажил сүүлийн жилүүдэд ихээр хийгдээгүй. Иймд 2022 оны төсөвт Төв аймгийн Зуунмод хотын зөвхөн инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудалд Барилга хот байгуулалтын сайдын багцаас 30 гаруй тэрбум төгрөгийн багц тусгана. Ингэснээр олон жил яригдсан дулаан хэлхээний асуудлуудыг цогцоор нь шийдэх боломжтой болж байгаа юм.

-Шинээр бий болгох ажлуудын санал орж ирсэн байх. Энэ тал дээр?

-Улсын төсөвт суух аливаа бүтээн байгуулалтууд суурь судалгаа, зураг төсөвтэй байх ёстой. Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанаас хамаарч Зуунмод хотод амьдрах хүсэлтэй иргэд олширч хүмүүсийн төвлөрөл үүсэх хандлагатай байна. Иймд бүтээн байгуулалтууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгжүүлэлт, амрах соён гэгээрэх талбай зэрэг олон асуудлын талаар бид ярилцах ёстой. Иймд  ирэх жилээс Зуунмод хотод шинээр хийх ажлуудын зураг төсвийг эхний удаад гаргахаар төлөвлөлөө. Үүнд, Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сургуулийн өргөтгөлийн зураг, Баруунзуунмод болон Баянхошуу багийг дэд бүтцэд бүрэн холбох, Зуунмод голын цэцэрлэгт хүрээлэн, тээвэрчдийн талбай, Зуунмод хот доторх авто болон явган зам, усан бассейн бий болгох ажлууд хамрагдана.

 

Холбоотой мэдээ