Баруун бүсийн сумдын чиглэлд 20 км замыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-10 21:21:07
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадаас Өмнөговь аймгийн баруун сумд руу чиглэсэн 20 км авто замыг ашиглалтад орууллаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр баруун бүсийн сумдаа автозамаар холбох "Нутгийн зам" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс сумын ард иргэдийн зорчих, баруун бүс нутгийн байгалийн сайханд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд уг зам онцгой ач холбогдолтой юм. Автозамын бүтээн байгуулалтыг "Эрдэнэ зам" ХХК, "Замын битум" ХХК хийж гүйцэтгэжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26 км-ээр нэмсэн байдаг. Замын бүтээн байгуулалт тухайн үед тогтоосон трассын дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2017 онд 25 км, 2019 онд 10 км, 2020 онд 10 км замыг тавиад байгаа юм. 2021 онд ийнхүү 20км замыг ашиглалтад оруулж, үргэлжлээд 10 км замын ажлыг хийж байна.
Холбоотой мэдээ