Д.Сумъяабазар: Баганан тулгуурт нийтийн тээвэр нь олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтойгоороо онцлог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-11 14:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан есөн багц төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодруулжээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн албан сайтад нийтлэгдсэн тус ярилцлагыг товчлон хүргэж байна.

 

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ажлаа хэзээнээс хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжинэ гэдгээ удаа дараа хэлсэн. Ерөнхий сайдын хувьд асуудалд зоримог хандаж байгаад талархдаг. 2022-2024 онд Улаанбаатар хотод улсын төсвийн хүрээнд хийх ажлууд нь хотын түгжрэлийг багасгах, төвлөрлийг сааруулахад чиглэнэ. Есөн бүлэг ажил бий. Эхний ээлжинд авто замын сүлжээн дэх гудамж, замыг хөгжүүлэх  шаардлагатай. Зарим дутуу ажил байгааг гүйцээж, 6 байршилд 21.5 км авто замыг өргөтгөж ирэх онд барина. Түүнчлэн бусад эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хурдны зам барина. Одоогоор урьдчилсан ТЭЗҮ хийсэн 71.5 км хурдны зам нь дэд төвүүдийг холбосон зам байх юм. Хөндлөн, хэвтээ тэнхлэгт 70.5 км зам мөн нэмнэ. Босоо тэнхлэгт 82.4 км замыг тавихаар төлөвлөөд байгаа.  


Хурдны замыг Улаанбаатар хотын гэр хороолол дундуур тавих учир газар чөлөөлөлтийн асуудал тулгамдана. Тиймээс Хотын даргын хувьд иргэдээсээ газар чөлөөлөхөд, хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжинэ гэдэг утгаараа идэвхтэй оролцохыг хүсэж байна. Зам тавина гэдэг, тэр дундаа хурдны замтай болох нь гэр хорооллын иргэдийн амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирч, эдийн засгийн эргэлт бий болгоно.


-Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг тооцоолж, төсөвт тооцсон уу?

-Эхний ээлжид хийж гүйцэтгэх 6 байршилд газар чөлөөлөлтөд 499 нэгж талбарт 169.5 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавихаар тооцсон. Төсвийг НИТХ-аар хэлэлцэгдэж батална.


-Хотын түгжрэл нь цаг хугацаа, эдийн засгийн алдагдал дагуулдаг. Тиймээс ч хамгийн түрүүнд анхаарал татаж буй биз ээ?

-Тэгэлгүй яах вэ. Түгжрэлээс үүдэлтэй хийх ажлаа цаг хугацаанд нь хийж чаддаггүй, эдийн засгийн бэрхшээлтэй учрах асуудлууд бий. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхийн тулд зөвхөн зам барих бус, нийтийн тээврийн парк шинэчлэл, уулзварын оновчтой зохицуулалт, гүүрэн байгууламжууд, цахилгаан дугуй, тулгуур баганат нийтийн тээвэр гэхчлэн олон зорилтыг тавьж байна.


-Нийтийн тээврийн парк шинэчлэлт анхаарал татаж байна. Энэ онд 530 автобусны ашиглалтын хугацааг сунгасан мэдээлэл байна. Ирэх онд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Нийслэлд зорчигч тээвэрлэж буй нийтийн тээврийн автобусны 75 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж байгаа тооцоо гарсан. Энэ нь эрсдэл дагуулж болохуйц мэдээлэл. Тиймээс ирэх онд 500 автобусны төсөв тавьж байгаа. Парк шинэчлэлийн чиглэлд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахаар санал өгөөд байна.

Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концессын гэрээ байгуулах боломж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нээгдэнэ.


-Метро байгуулах тухай олон жил ярьсан. Биелээгүй өнөөг хүрсэн учир метро манай хотын хувьд үлгэр юм байна гэж хүмүүс бодох болсон. Гэтэл та баганан тулгуурт хөнгөн галт тэрэг явуулна гэх юм. Аль нь зөв шийдэл вэ?

-Метро байгуулах судалгааг ЖАЙКА, АХБ-наас хийж байсан. Олон жил судлуулсан даа, ер нь. Токио хот болон бусад хөгжилтэй орон баганан тулгуурт нийтийн тээврийг ашиглаж байна. Энэ нь метрог бодвол зардал багатайн дээр тэрхүү замыг ашиглан олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтойгоороо онцлог. Хотын дарга нар янз бүрийн шийдэл хайж байсан. Э.Бат-Үүл дарга хотод баруунаас зүүн тийш сунаж тогтсон метро зохимжтой гэж хэлж байсан. Энэ үнэний ортой. Гэвч асар их хөрөнгө шаардана. Хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгөө богино хугацаанд эргэн нөхөхийг  хүсэж, тийм боломжийг л сонгоно. Тэр сонголт нь баганан тулгуурт буюу газар дээгүүр зорчих нийтийн тээвэр болоод байгаа. 2022 оны 3 дугаар сарын 15 гэхэд бэлтгэлээ хангаад, дөрөвдүгээр сарын дунд үеэс газар шорооны ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.


-Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын зардал төсөвт тусгагдсан уу. Метроны төсөл шиг цаасан дээр үлдэх вий гэсэн болгоомжлол байна?

-Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT барьж байгуулах хөрөнгө улсын болон нийслэлийн төсөвт суугаагүй. Бусад эх үүсвэрээр буюу концессын гэрээгээр барьж байгуулах судалгаа хийсэн. Урьдчилсан тооцоогоор 1.3 их наяд орчим төгрөгийн эх үүсвэр гарахаар байна. Эхний ээлжинд нийт төсвийн 10 хувь буюу 130 тэрбум төгрөгийг босгох чиглэлтэй байна. Монгол хүний ур чадварыг дайчлахаас гадна гадаадын зөвлөхүүд ажиллуулна. ТЭЗҮ-ийг  энэ оны 12 дугаар сарын 31 гэхэд урьдчилсан байдлаар эцэслэнэ.


-Богдхан төмөр замд нийслэл ямар оролцоотой байгаа вэ?

-Богдхан төмөр зам бол Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад багагүй нөлөөтэй. Төмөр зам дагасан захуудад түгжрэл их байдаг.  Тэгэхээр  Богдхан төмөр зам нь асуудал шийдэх нэг гарц. Тиймээс төмөр зам барьж байгуулах газар чөлөөлөлтөд зориулж  30 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт тавьсан.


Холбоотой мэдээ