Монголын агаар нь цэнгэг гэдгийг онгоцноос буугаад л мэдэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-07-11 12:18:04

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд уламжлал ёсоороо наадамчин олон түмэн аль хэдийн хуран цуглаж, худалдаа, үйлчилгээ эхэлжээ.

Монголын Үндэсний наадмыг үзэхээр гадаадын олон зуун зочин гийчин ирсэн нь илхэн харагдаж байв. Энэ жилийн наадмын нэг онцлог нь баяр наадмын дараа үргэлжлээд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Улаанбаатарт эхэлнэ. Наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүдээр гадаад, дотоодын хүмүүс цуглаж, хөл үймээнтэй харагдана. Гадаадын жуулчин, зочид бүргэд шувууг ихэд сонирхож байв.

Монгол наадам үзэхээр Энэтхэгээс ирсэн Саянтан Чакараварти /Sayantan Chakravarty/ бүргэдийг гар дээрээ барьж зургаа татуулж байхтай таарч түүнтэй уулзаж цөөн хором ярилцав.   

-Та бүргэд шувууг гар дээрээ барьж зургаа авхууллаа, ямар санагдав?

-Би бүргэд шувууг анх удааг барьж үзлээ. Өвөрмөц сонин мэдрэмж төрсөн шүү. Үнэндээ маажиж, самардах вий гэж жаахан айдастай байлаа. Монгол бүргэд үнэхээр сүрлэг гэдгийг нүдээр үзэж, гараараа барив.

-Та Монгол оронд хэзээ ирэв?

-Би өчигдөр Улаанбаатарт ирлээ. Би Энэтхэг улсын “INDIA EMPIRE” сэтгүүлд эрхлэгч, редактор, нийтлэлчээр ажилладаг. Монголын үндэсний баяр наадам, АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд төмөр замын салбарт хийх хөрөнгө оруулалтын талаар сурвалжлах ажлаар ирээд байна. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэс хоёр улсын найрамдалт харилцаа улам өргөжиж байна. Би 2015 оны 12 дугаар сараас Монгол Улсын тухай цуврал нийтлэл, мэдээллийг Монгол Улс дахь БНЭУ-ын ЭСЯ-ны тусламжтай бичиж байгаа болохоор танай орны талаар нэлээд мэддэг.  Маргааш би Хамба лам Д.Чойжамцтай уулзна.

-Монгол оронд ирээд төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцана уу?

Монгол орны уур амьсгал нь халуун ч биш, хүйтэн ч биш сэрүүвтэр цэнгэг агаар нь маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Бас байгаль, газар дэлхий нь ногоон өнгөтэй үзэсгэлэнтэй сайхан юм, их таалагдлаа. Агаар нь үнэхээр сайхан, Монголд ирсэндээ сэтгэгдэл маш өндөр байна.

Монголын үндэстэн ястны хувцсыг наадмын нээлтийн үеэр үзнэ гэж бодож байгаа.

Дашрамд сонирхуулахад, Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон 2015 онд хоёр орны харилцааны түүхэнд анх удаа БНЭУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан билээ.

Холбоотой мэдээ