Зарим дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-19 07:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах талаар хэлэлцлээ.


Улаанбаатар хот одоогоор 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүйгээс зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлжээ.


Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулан, нийт 35 хороотой болох мөн Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ. Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байв. Нийт 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байх санал боловсруулсан байна.


Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд анхан шатны нэгжид ачаалал их байгааг тэмдэглээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалин, бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг сануулан, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ