Аймгийн музейд бэйс Балжиннямын буланг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-11-21 11:57:08

Дорноговь/МОНЦАМЭ/. Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан, профессор О.Сүхбаатар нарын хүчин зүтгэл, судалгааны үндсэн дээр Чингис хааны угсааны алтан ургийн хүн болох Бэйс Балжиннямын буланг аймгийн Музей сургалт, судалгааны төв /МССТ/-д нээлээ.

Бэйс Балжинням одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн бөгөөд олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Дотоод яаманд бичээч түшмэлээр ажиллаж 18 насандаа бичгийн боловсрол, эрдэм мэдлэгээрээ бусдаас ялгаран сонгогдож Богд хааны хаш эрдэнэ тамга, мөнгөн тамга, алтан тамга, мөн Улсын эх дагина Дондогдулам хатны тамганы үсгийг бичиж Тэргүүн зэргийн тайж, Улсын түшээ гүн зэрэг хэргэмийг үе улиран тасралтгүй залгамжлах өргөмжлөлөөр шагнуулсан, өндөр боловсролтой, бичиг соёлын зүтгэлтэн байсныг судлаачид дурдсан байна.

Мөн 1921 онд баруун этгээдийг сэргийлэн тохинуулах сайд байхдаа Хятадын гамин цэрэг, Барон Унгерний түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд гар бие оролцсон цэргийн жанжин байсан бөгөөд Алтанбулаг хотын сайд, Засгийн газрын Нарийн бичгийн дарга, Ардын гэгээрүүлэх яамны түшмэл, Дорноговь аймгийг байгуулах комиссын гишүүн, Дэлгэрэх сумын анхны дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж явсныг албаныхан онцолсон.

Бэйс Балжиннямын ажил амьдрал, байгуулсан гавьяа зүтгэлийг хойч үе, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан, профессор О.Сүхбаатар нар “Түшээт хан аймгийн бэйс Балжинням” номыг хэвлүүлснээс гадна аймгийн Архивын тасагт Балжинням бэйсийн хувийн хөмрөгийг шинээр үүсгэж, бэйсийн удмынхантай хамтран МССТ-д “Бэйс Балжинням” буланг нээсэн аж.

Уг буланд Үндэсний номын сангийн хөмрөгт хадгалагдаж буй Балжинням бэйсийг Чингис хааны угсааны буюу алтан ургийн хүн гэдгийг нотолсон гэрийн үеийн бичмэлийг хуулбарлан тавьсан бөгөөд Богд хаан, Дондогдулам хатны тамганы дардас болон бусад холбогдох үзмэрүүдийг дэлгэжээ.


Холбоотой мэдээ