Улаанбаатар хот хөгжмийн зохиолч Фредерик Шопены нэрэмжит гудамжтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопены гудамж гэж нэрлэлээ.
БНПУ-аас Монгол
Улсад суугаа Элчин сайд
Криштоф Бойко, НИТХ-ын даргад
хандан хоёр улсын хооронд
дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан нэрт хөгжмийн зохиолч,
төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит болгох хүсэлт ирүүлсний дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ийнхүү шийдвэрлэжээ.
Түүнчлэн, нийслэлийн
өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцлээ.
Нийслэлийн
өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга, ус түгээх таван байрыг бүртгэн авав. Тодруулбал, Багануур дүүргийн
“Оюуны эрин” цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга,
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25
дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Мөн СХД, БЗД-ийн зарим хорооны
ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэв.
Мөн БЗД дүүргийн
Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл,
Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн
гудамж хэмээн нэрлэлээ.
ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан
Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа, Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг
тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь
Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлжээ. Л.С.Соболева нь 1943 онд манай улсад тахлын эсрэг станцын
даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй
тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр
оруулсан хүн юм. Монгол эмч нарыг халдварт өвчний чиглэлээр бэлтгэх дэд бүтцийг
бий болгосны сацуу 1945 оны 8 дугаар
сард Завхан аймагт дэгдсэн тарваган тахал өвчнөөр өвдсөн таван настай хүүг
Любовь Соболева авч эмчилж байв.
Хүү хожим нь анагаахад суралцан, Халх голын эмнэлгийн эрхлэгч болжээ.
Манай улс Л.С.Соболевагийн хөдөлмөр, гавьяаг үнэлж
Алтангадас одоогоор, дараа нь 1964 онд БНМАУ-ын төрийн дээд Сүхбаатарын
одонгоор шагнан, 1979 онд түүний намтар түүхийг өгүүлсэн «Есөн өдөр ба бүхэл бүтэн
амьдрал» баримтат кино хийж байжээ.
Түүнчлэн, хуралдааны
үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор”
төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулахдаа, “Эдгээр байршил нь газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөө, Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт
хугацааны бодлогын бичиг баримтад
аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй. Иймд “Марзан Шарав цогцолбор”
байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах
нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж,
Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах санал байна” хэмээв. Иймд тус
саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.