М.Бадамсүрэн: Зардлаа хэмнэхэд голчлон анхаарна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-11-23 17:06:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн орон нутгийн ирэх оны төсвийн төсөөллийг ард иргэдэд танилцуулж, саналыг нь авах зорилгоор сумд, аймгийн төвийн багуудад ажиллаж байна. Дорнод аймгийн ирэх оны төсвийг хэрхэн төлөвлөж байгаа талаар тодрууллаа.

 

-Ирэх оны төсвийг батлахдаа зардлаа хэмнэхэд голчлон анхаарна гэв үү?

-Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал эцэслэн шийдэгдвэл орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. Мөн хэмнэж болох бүхий л зардлыг хэмнэхийг чухалчилж байна. Төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагад энэ зарчим үйлчилнэ гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, бичиг хэргийн зардлыг 50 хувиар багасгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсвийн төсөөллийг иргэддээ танилцуулж, ирэх онд хийх ажлуудад иргэдийн саналыг авч байна.


-Сум, багуудад ажиллахад иргэд тулгамдсан ямар асуудлыг голчлон хөндөж байна вэ?

-Цар тахлын улмаас боловсрол, эмнэлгийн үйлчилгээг илүү шуурхай, боловсронгуй болгох шаардлагатай байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйд, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд санаа зовниж байгаагаа иргэд илэрхийлж байна. “Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг дэмжих саналууд зонхилон гарч байгаа нь тун олзуурхууштай юм. Ажлын байрыг нэмэгдүүлэх, архидалтыг бууруулах, Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах, амьдрах орчноо сайжруулах тал дээр иргэд нэлээд санал хэллээ.


-Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Хэрвээ хэрэгжиж эхэлбэл манай аймагт ямар боломж, давуу тал үүсэх вэ?

-Төсвийн мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудал нэг шатаар ахисан гэж хэлж болно. Засгийн газраас УИХ-д 2022 оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Одоо хэрэгжиж байгаа Төсвийн тухай хуулиар бол сургуулийн цонх, хаалга засахын тулд УИХ-ын гишүүнд хандахаас өөр аргагүй болдог буюу төсвийн бүх эрх мэдэл босоо тогтолцоотой байсан гэхэд болно. Тэгвэл орон нутагт төсвийн зарим нэг төрлийн орлогуудыг шилжүүлж байгаа юм.


-Тухайлбал ямар орлогуудыг орон нутагт шилжүүлж байгаа вэ?

ймгийн төсвийн орлогод ордог байсан цалин хөлс, үл хөдлөх хөрөнгө, газрын татварыг тухайн сумдад нь шилжүүлсэн. Тухайлбал, ажлын байр олонтой буюу уул уурхай, газрын тосны компаниуд нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Матад, Халх гол, Цагаан-Овоо, Дашбалбар суманд сая дурдсан газруудын цалин хөлсний орлого нь орох жишээтэй. Ер нь манай аймагт цалин хөлснөөс жилдээ 10 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг.


ймгийн төсөвт ААН-ийн орлогын албан татварын 40 хувь нь төвлөрөх юм байна гэж ойлголоо. Тухайн аймаг, суманд хэдий олон аж ахуйн нэгж, байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулна, төдий чинээ орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

-Одоо хэрэгжиж байгаа хуулиар бол Дорнод аймаг энэ жил 40 тэрбум төгрөгийн орлого олно. ААНОАТ-ын 40 хувь нь дийлэнх орлогыг эзэлж байгаа. Үүнээс суурь зарлага буюу орон нутгийн төсвийн байгууллагуудын урсгал зардал /сум, багийн ЗДТГ, бусад төрийн үйлчилгээий байгууллагууд гэх мэт/ 20 гаруй тэрбум төгрөг хасагдана. Цаана нь 10 гаруй тэрбум үлдэнэ гэж тооцоолбол үүнээс Төсвийн тухай хуулиар 70 хувь нь орон нутагтаа, 30 хувь нь дээд шатныхаа төсөвт төвлөрч байгаа юм. Ер нь төсвийн тухай хуулийн талаар ард иргэд мэдлэгтэй байх хэрэгтэй. Товчоор хэлбэл, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, олон хүн ажиллах, ААН-үүдийн үйл ажиллагаа тогтвортой байснаар тухайн орон нутагт орлого нэмэгдэнэ гэсэн концепц явж байгаа гэсэн үг л дээ. Энэ утгаараа бид ААН эрхлэгчдээ юун түрүүнд дэмжих шаардлагатай. Энэ нь гол хөшүүрэг юм.

-За баярлалаа.

Холбоотой мэдээ