Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг чадавхжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалт Ховд аймагт болов.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар тус сургалтыг удирдан чиглүүлж байна.
Энэхүү сургалтын үйл ажиллагаа энэ сарын 25, 26-ны өдөр үргэлжилж, мэргэжлийн сургагч багш нар залуучуудын хөдөлмөр эрхлэлт, төслийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайллын суурь чадвар, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлт, хувь хүний хөгжлийн талаар шинэ мэдлэг олгож буй.
Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 80 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
Идэвхтэй ажил хайгч иргэдийг бүртгээд тохирсон ажлын байранд зуучлан оруулахаас гадна ажил хийхгүй байгаа иргэдийг сургах, ажил-хөдөлмөрт бэлтгэх, дур сонирхлыг нь татах, идэвхжүүлэх үүргийг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид давхар хүлээх шаардлага тулгарч байгааг энэ үед албаныхан онцлоод, ажлын амжилт хүслээ.