Ховд аймагт цагаан будаа тариалах боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-26 20:49:17

Ховд /МОНЦАМЭ/. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар цагаан будаа тариалах боломжтой цөөн аймгуудын нэг бол Ховд аймаг.

Цагаан будаа тариалахад усны хангамж, дулааны баланс хангалттай байх нь чухал. Ирэх жилүүдэд “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт “Ховд-Агро парк” төсөл хэрэгжиж, 10 мянган га газарт услалтын систем байгуулна. Ингэснээр цагаан будаа, нарийн ногоо тариалах, цаашлаад чихрийн манжин тариалснаар анх удаа дотооддоо элсэн чихэр үйлдвэрлэх боломж нээгдэхээр байгааг албаныхан хэллээ. 

Ташрамд, эх орондоо цагаан будаа тариалах, нутагшуулах туршилтыг 10 гаруй жил уйгагүй хийсний үр дүнд хоёр га талбайгаас 10 тонн цагаан будаа хураан авсан иргэн Ж.Ганхуяг нь Ховд аймгийн Булган, Дуут сумын харьяат аж. 

15 мянган га талбайд тариалахад цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангаж, импортыг бүрэн орлох боломжтой юм байна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, эрүүл баталгаат хүнсээр хангах, цагаан будааны үнэ хямдрах гэх мэт давуу тал нээгдэх юм гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.    

Холбоотой мэдээ