Их Британид “Омикрон” хувилбарын хоёр тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-11-28 08:20:54

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний шинэ хувилбар “Омикрон”-оор халдварласан хоёр тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид "Sky News" телевизээр бямба гарагт мэдээлжээ.


Халдвар авсан хүмүүсийг гэр бүлийнх нь бүх гишүүний хамт тусгаарласан байна. Халдварын тохиолдлууд Челмсфорд, Ноттингем хотуудад илэрсэн бөгөөд эдгээр хотын хүн амын дунд багцалсан шинжилгээ хийхээр болжээ. "Энэ бол цар тахал дуусах болоогүйг анхааруулсан бодит сануулга юм" гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд хэлээд коронавирусний вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалсан байна.


Өргөс уурагтаа 32 мутацитай коронавирусний “B.1.1.529” гэх шинэ хувилбар Ботсвана болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ илэрсэн талаар судлаачид урьд нь анхааруулсан. Уг хувилбар нь илүү халдварлах чадвартай, вакцинд тэсвэртэй байж болзошгүй боловч эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна гэж судлаачдын олонх нь үзэж байна.


Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Өмнөд Африкт шинэ хувилбараар халдварласан зуу орчим тохиолдол илрээд байгаа аж. Түүнчлэн Хонконг, Израил, Бельги, Герман, Чехэд халдварын тохиолдол бүртгэгджээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баасан гарагт хийсэн яаралтай хуралдаанаараа “B.1.1.529” хувилбарыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулж, грек цагаан толгойн 15 дахь үсгээр “Омикрон” гэж нэрлэснээ мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ