Израил 14 хоног хилээ хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-28 09:08:43

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Засгийн газрын коронавирустэй тэмцэх комисс коронавирусний шинэ хувилбар дэгдсэнтэй холбогдуулан гадаадын иргэдэд 14 хоног хилээ хаах шийдвэр гаргажээ.


"Коронавирустэй тэмцэх комиссоос зөвшөөрсөн тохиолдлоос бусад тохиолдолд бүх орны гадаадын иргэдийг Израилд нэвтрэхийг хориглоно" гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар бямба гарагт цахим хуудсандаа мэдээлсэн байна. Уг шийдвэр 11 дүгээр сарын 28-ны ням гаргаас хэрэгжиж эхэлнэ.


Харин гадаадаас буцаж ирэх Израилын иргэд ирэхдээ PSR-ын шинжилгээ өгч, тусгаарлалтын дэглэм сахина. Вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн израилчууд гурав хоног тусгаарлагдах бол вакцинд хамрагдаагүй иргэдийг коронавирусний хоёр дахь шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд долоо хоногийн турш тусгаарлах аж.


Израилд коронавирусний шинэ хувилбарын анхны тохиолдол баасан гарагт илэрсний дараа тус улсын эрх баригчид Африкийн өмнөд хэсэгт орших бүх улсыг улаан жагсаалтад оруулсан байна. Тус улсын иргэд тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд энэ жагсаалтад багтсан улс орнуудад зорчих хориотой юм. Мөн Африкийн эдгээр орноос ирсэн гадаадын иргэдийг Израил руу нэвтрэхийг хориглож, өнгөрсөн долоо хоногт эдгээр орноос ирсэн бүх хүнийг олж, "нэн даруй тусгаарлалтад оруулна" гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.


Холбоотой мэдээ