Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-29 18:27:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. JCI Дархан салбар байгууллагаас санаачлан "Нэг сэтгэл" төслийг "Эрүүл ирээдүйг эхлүүлцгээе" уриан дор хэрэгжүүллээ. Тус төслийн гол зорилго нь хорт хавдартай 850 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхдээ стандарт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмчилгээний тасгийг байгуулахад оршжээ.

Уг төслийн эхлэлийг энэ оны хоёрдугаар сард албан ёсоор нээж, албан байгууллага, иргэдтэй хамтран ажиллах санал илгээн төслийн төсвийг бүрдүүлэх хандивын аяныг өрнүүлсэн аж. Ингэснээр Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн дотор заслын ажлыг гүйцэтгэн өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Төслийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч, Доктор профессор Ж.Чинбүрэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Мөнхбат, JCI Дархан салбар байгууллагын 2010 оны Ерөнхийлөгч Г.Гэрэлхүү, 2020 оны Ерөнхийлөгч П.Ганболд, 2021 оны Ерөнхийлөгч Б.Ууганбаяр болон бусад албаны төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү тасаг бий болсноор хорт хавдраар өвдсөн иргэд ая тухтай стандартын шаардлага хангасан орчинд эмчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Төслийг санаачлан хэрэгжүүлсэн JCI Дархан салбар байгууллагын "Нэг сэтгэл" төслийн багийн болон дэмжин ажилласан төр, хувийн хэвшлийн албан байгууллагуудад Нэгдсэн эмнэлгийн захиргаа, иргэд талархлаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ