Далай ашиглах тухай хуулийн 50 хувийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-30 21:40:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.


Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь 5 бүлэг, 22 зүйлтэй заалттай бөгөөд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй, хуулийг практикт хэрэглэх боломж бололцоо сул, цаг үеэсээ хоцрогдмол байсан гэж үзжээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.


Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан байна. Нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ. Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна.


Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлжээ.

    Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ конвенц хэрэгжих боломж бүрдэх ач холбогдолтой аж. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжирна хэмээн үзсэн байна.

    Далайн боомт ашиглах, хөлөг онгоц түрээслэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаснаар хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх хэлэлцээрүүд болон Монгол Улс далай боомт ашиглах хэрэгцээ шаардлагад тулгууралсан, улс орны цаашдын бодлогыг дэмжсэн ирээдүйг харсан зохицуулалттай болсон хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа дурдав.

    Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулснаар хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэлээ. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Далай ашиглах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.


    Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол Улсын далбааг ашиглаж буй хөлөг онгоцны бүртгэл болон тэдгээрийн гаргасан зөрчил, шийдвэрлэлтийн талаар асуухад “2003 оноос хойш 4000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашиглах эрхтэйгээр бүртгүүлсэн бөгөөд энэ хугацаанд 20 гаруй зөрчил бүртгэгдсэн” хэмээн ажлын хэсгээс мэдээллээ. Түүнчлэн гишүүний тодруулсны дагуу төслийн хүрээнд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж далайн тээвэр эрхлэх, загас агнуур эрхлэх, ашигт малтмал болон далай судлалын салбарт үйл ажиллагаа явуулах боломжийг нээж буйгаараа онцлогтой гэв. Одоогоор Монгол Улсын далбааг ашиглаж буй онгоцнуудын нэг нь Монгол Улсын иргэнийх гэдгийг мөн энэ үеэр мэдээлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг дээрх тооны бүртгэлтэй онгоцноос эдийн засгийн ямар үр ашгийн талаар хилийн чанад дахь далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан бүтцийн талаар тодруулж, хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Батлут, Ж.Ганбаатар, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар, мэдээлэл авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 5, 6 дугаар зүйлийг нэгтгэн “Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “16 нас” гэснийг “18 нас” гэж өөрчлөх, 13 дугаар зүйлийг бүхэлд нь хасах, төслийн 16 дугаар зүйлд “Хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулна” гэсэн агуулгатай 16.2 дахь хэсэг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.


Мөн төслийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6 хэсэг болон 40, 42-46 дугаар зүйлүүдийг бүхэлд нь хасах гэх зэрэг саналуудаар тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

Холбоотой мэдээ