Тусгаарлан ажиглах байранд 214 иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар “Багабаян” цэргийн амралтын газар, “Ворлд Монголия” зочид буудалд нийт 214 иргэнийг тусгаарлаад байна.
ЭМЯ болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр, “омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг, эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэхэд нь өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан. Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар баталсан ажлын багийн дүгнэлтийг үндэслэн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлан ажиглах зориулалтаар нийслэлийн хэмжээнд 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байгаа аж.