Үндсэн хуулийн 30 жилийн ойг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-01 14:28:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг иргэд, олон нийтийн оролцоог өргөн хүрээнд хангаж, ард нийтээр 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн саналыг нь тусгаж, Улсын Бага Хурлын хэлэлцүүлгийг дамжин боловсруулж, Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хэлэлцэн Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан. Энэ нь манай улсын түүхэн үйл явдлын нэг гэдгийг тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат төслийг танилцуулахдаа онцлов. Мөн тэрбээр, "БНМАУ-ын Ардын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар тогтоосон. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заажээ. Үндсэн хууль баталсны 30 жилийн ой ирэх сарын 13-нд тохиож байна. “Төрийн ёслолын журам батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан" хэмээн дурдлаа.


Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Ой тэмдэглэх нь асуудлын гол бус Үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгасан нь чухал ач холбогдолтой" хэмээв.  Мөн төслийн 1.2, 1.3 дугаар заалтыг нэгтгэн “Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон Ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэд судлаачдад хүндэтгэл илэрхийлэх, тэдний үйл хэргийг сурталчлах” гэсэн заалт болгох санал гаргав.


Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тогтоолын төсөлд Н.Энхболд гишүүний саналыг тусгаж редакцын засвар хийхээр болсныг дурдлаа. Тийнхүү уг төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хувь дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав.


Тогтоолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байна.

Холбоотой мэдээ